Б.Мөнхтамир: Шатахууны татан авалт тасралтгүй үргэлжилж байна

Шатахууны үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл болон Шатахууны Шуурхай штабаас гаргасан шийдвэрийг АҮЭБ-ын дэд сайд Б.Мөнхтамир танилцууллаа.

Тэрбээр, "ОХУ-тай байгуулсан тогтвортой нийлүүлэлтийн гэрээний хүрээнд шатахууны татан авалт тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны аравдугаар сард аж ахуйн нэгжүүд нийт 78 мянган тонн шатахуун импортлох гэрээ байгуулсан.

Энэ сард ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ өмнөх сараас тонн тутамд 190 ам.доллароор нэмэгдсэнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 500-550 төгрөгөөр өссөн талаар Шуурхай штабаас мэдээллээ.

ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт болон тус улсын дотоодын нийлүүлэлтэд үүссэн хүндрэл нь импортын өртөгт нөлөөлж байгаа ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны татан авалт гэрээний дагуу үргэлжилж байгааг онцлов.

Мөн Монополын эсрэг газар ШТС-уудад шатахууны үнийг үндэслэлгүй нэмэгдүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

Иргэдийг шатахууны түгээлтийн мэдээллээр шуурхай хангах зорилгоор ШТС-уудад шатахуун буусан даруйд холбогдох мэдээллийг Benzin.mn аппликейшнд байршуулж байхаар зохицуулж байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top