Говь-Алтай аймгийн Цогт суманд малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдэж, тархсантай холбогдуулан цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний хэрэгжилттэй танилцах шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг даалгавраар МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл тэргүүтэй мэргэжлийн баг 2026 оны 10 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд тус аймагт ажиллаж, холбогдох байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сумын 44 өрхийн 20,855 малыг устгалд хамруулж, 92.7 мянган метр квадрат талбайд халдваргүйтгэл хийн голомтын эцсийн ариутгалыг бүрэн дуусгаад байна. Одоогийн байдлаар идэвхтэй тандалтад 102 өрхийн 44.7 мянган мал, идэвхгүй тандалтад 10 сумын 255 өрхийн мал сүргийг хамруулаад байна.
Годрон өвчний өвчлөл 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш шинээр бүртгэгдээгүй байна.
МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл Цогт сумын ЗДТГ, сумын Онцгой комисс болон аймгийн Мал эмнэлгийн газрын бүрэлдэхүүнтэй уулзаж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт болон хууль зөрчсөн үйлдлүүдэд авах арга хэмжээний талаар мэдээлж мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргэн ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тухайн сумын мал эмнэлгийн байгууллагуудад годрон өвчний шинж тэмдэг, халдвар дамжих зам, эрсдэлийг бууруулах мэдээллийг малчдад шуурхай хүргэх үүрэг өгөв. Мөн Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөлгүй отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн болон хээлтүүлэгч малд тавих хяналтыг эрс сайжруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )