Дэлхийн хүнсний форумын хүрээнд болсон “Риогийн конвенцуудын хүрээн дэх залуусын манлайлал: Хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой тогтолцооны төлөөх нэгдсэн үйл ажиллагаа” арга хэмжээг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн нээж үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол нь хүнсний хангамж, малчид, тариаланчдын амьжиргаанд харилцан уялдаатай нөлөөлж байгааг дурдлаа. Иймээс газрын нөхөн сэргээлт, байгаль хамгаалал, хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг уялдуулж, олон талын үр өгөөжтэй шийдлийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын туршлагад тулгуурлан тэрбээр дараах чиглэлийг онцоллоо. Үүнд,
• Залуусын саналыг бодит үйл ажиллагаанд тусгах — Дэлхийн хүнсний форумын Залуучуудын ассамблей зэрэг платформоор дамжуулан залуусын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих.
• Шинжлэх ухаан, инновацыг уламжлалт мэдлэгтэй хослуулах — орон нутгийн хэрэгцээнд нийцсэн, байгальд ээлтэй шийдлийг хөгжүүлэх.
• Салбар хоорондын түншлэлийг бэхжүүлэх — төр, судлаачид, иргэний нийгэм, уугуул иргэд, малчид, тариаланчид болон залуусын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал байна гэв.
Залуусын мэдлэг, шинэ санаа, манлайллыг дэмжих нь хэлэлцүүлгийг бодит үйл ажиллагаа болгож, хүнс, хөдөө аж ахуйн тэсвэртэй, хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх чухал алхам юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл ( 0 )