Ноолуур, арьс ширний хаягдлыг дахин боловсруулах инновацын шийдлүүдийг танилцуулав

19 минутын өмнө

Ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн хаягдал болон дайвар түүхий эдийг дахин ашиглах, дахин боловсруулах боломж, шилдэг туршлага, инновацын шийдлүүдийг танилцуулах “Дахин боловсруулсан болон нөхөн сэргээгдсэн бүтээгдэхүүн: Боломж ба туршлага” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Даян дэлхийн байгаль орчны сангийн (GEF) санхүүжилттэй, НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын ноолуур, арьс ширний салбарын нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд ноолуур, арьс ширний салбарын тойрог эдийн засаг, тогтвортой үйлдвэрлэлийн сайн туршлагыг эрчимжүүлэхэд чиглэв.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон төлөөлөл оролцож, ноолуур, арьс ширний салбарын үйлдвэрүүдийн өнөөгийн байдаал, боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр үйлдвэрлэлийн хаягдал, дайвар түүхий эдийг дахин боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үндэсний аж ахуйн нэгжүүд болон судалгааны байгууллагуудын сайн туршлага, инновацын шийдлүүдийг танилцууллаа. Тухайлбал, арьс ширний үйлдвэрлэлийн хатуу хаягдлаар шахмал шир үйлдвэрлэх, ноос, ноолуурын үйлдвэрлэлийн үлдэгдлийг дахин боловсруулан шинэ бүтээгдэхүүн болон органик бордоо үйлдвэрлэх зэрэг байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг танилцуулж, салбарын дижитал шийдэл, зах зээлийн боломжийн талаар хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үр дүнд ноолуур, арьс ширний салбарын хаягдал болон дайвар түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, инновацид суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж боловсруулав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top