Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй Оюутолгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр /2023.03.13/ 13:00 цагт албан ёсоор эхэллээ.
Оюутолгой нь Монголын хамгийн том зэс, алтны компани юм. Уг компанийн 34 хувийг Монгол Улс, 66 хувийг нь "Рио Тинто" групп эзэмшдэг. Тус групп нь 2022 оны нэгдүгээр сард Монгол Улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Оюутолгой гүний уурхайн олборлолтыг хугацаанаас нь өмнө эхлүүлэх амлалт өгсөн. Энэхүү амлалтадаа хүрч, өнөөдөр Гүний уурхайн олборлолтыг эхлүүлж байна.
Гүний уурхайн олборлолтыг аюулгүй, дэвшилтэд блокчлон олборлох аргачлалаар эхлүүллээ.
Ингэснээр Оюутолгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км- ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэж байгаа юм. Блокчлон олборлох арга нь "Рио Тинто" группийн 25 жилийн турш хөгжүүлж ирсэн технологи аж. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас гадна "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм оролцож байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэсэн амлалтадаа хөрөнгө оруулагч тал хүрч чадлаа. Оюутолгой төслийн Гүний уурхайн 1256 метрийн гүнээс өнөөдөр Монгол Улсэхний олборлолтоо олборлож байгааг дэлхий дахинд зарлаж байна. Энэ төсөл бол гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй эдийн засгийн чухал үүргийг гүйцэтгэх түүхэн үйл явдал юм. Бид нэгдмэл байж хөгжлийн цонхоор харж чадвал юуг ч бүтээж чадах тод жишээ бол Оюутолгой төсөл билээ. Бүгдэд нь гүн талархал илэрхийлж байна. Энэ бол та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 1 )
Яах гэж гүний уурхайгаас монголын баялгийг олборлож байгаагаа тайлбарлана уу. Монголчууд маш ядуу амьдарч байгаа шүү.