ЗУРАГЛАЛ | Том төслүүд юу болов?

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

Монголын эдийн засгийн 70-аас дээш хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбар хөдөлгөөн ихтэй байх нь. “Эрдэнэс-Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн биржид гарч, Оюутолгойд цахилгаан станц барих асуудал эцэслэгдэж, Оюутолгойн гол хувьцаа эзэмшигч Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, “Elixir Petroleum” компани монголын ирээдүй ч байж болох метан хийн хайгуулаа эхлүүлж, Зэсийн баяжмалын үйлдвэр, уран олборлох туршилтын үйлдвэр ч гараанаас гарна. Энэ онд уул уурхайн салбарт хүлээгдэж буй томоохон үйл явдлуудыг тоймлоё.

TRQ: ХӨРӨНГИЙН БИРЖИД ДАВХАР БҮРТГҮҮЛНЭ

Оюутолгой компанийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани энэ ондоо багтан Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр хэлэлцээрийн ширээнд суужээ. Одоогоор чухам хэдэн хувиар хөрөнгийн бирж дээр IPO гаргах, хувьцааны хэмжээ хэр зэрэг байх талаар тодорхой мэдээлэл алга байна.

TRQ компани молибден, зэс, уран, нүүрс, рени зэргийн олборлолтоор дэлхийд дээгүүр байрт бичигддэг юм. Одоогоор тус компанийн нийт орлого 600 гаруй сая ам.доллараар хэмжигддэг билээ.

ЭТТ: ИРЭХ ЗУН ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИД ГАРНА

Монголын төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, гурван тэрбум ам.доллар босгох болсон тухай Японы санхүүгийн алдарт Nikkei сонин мэдээлжээ. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын тогтоол, шийдвэрээр тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын зах зээлд гаргахаар болж, өнгөрсөн жилээс эхлээд бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн юм.

“Ирэх зургадугаар сар гэхэд Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахаар төлөвлөж байна. Олон улсын зах зээл дээр гаргах талаар анхнаасаа төлөвлөж байсан” гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Zindaa.mn” сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.

Компанийн зүгээс эхлээд Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн биржээр дамжуулан хоёрдогч зах зээлд гарахаар төлөвлөж байгаа юм. Өмнө нь Лондонгийн хөрөнгийн бирж ч гарах боломжтой хөрөнгийн биржийн тоонд орж байсан билээ. “Эрдэнэс-Тавантолгой” компани энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, "Олон улсын зах зээлд гарсан өндөр хөгжлийн жил байх болно" гэж зарласан юм. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк энэ онд нүүрсний үнэ унана гэж мэдэгдсэн ч тус компани өөдрөгөөр харж байгаа ажээ.

“2019 болон 2020 онд дэлхийн эдийн засгийн мөчлөгт хямрал эхлэхээс өмнө амжиж IPO гаргах ёстой. Тэгэхгүй бол үр дүнд хүрэхгүй” гэж Taurus Wealth зөвлөх үйлчилгээний компанийн зөвлөх Райнер Майкл Прайсс ярьжээ.

Оны өмнөхөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийг түшиглэн 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Оюу Толгойн эрчим хүч хангах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд шинэ цахилгаан станц 2023 онд ашиглалтад орох юм.

ОЮУ ТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ ИРЭХ ГУРАВДУГААР САРД ГАРААНААС ГАРНА

Олон жил гацаж, Рио болон Засгийн газрын хооронд хэрүүлийн алим байсаар ирсэн Оюутолгойн цахилгаан станцыг барих зарчмыг ирэх гуравдугаар сард эцэслэнэ. Цахилгаан станцыг “Оюу Толгой” компани хариуцаж, дорж хаяж 51 хувийг эзэмших юм. Оюутолгой төслийн санхүүжилтийн хүрээнд гуравдагч талын хөрөнгөөр санхүүжилт татахаар төлөвлөж байгаа аж. Оны өмнөхөн Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг хангах 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд гарын үсэг зурах ёслол болж төсөл хэрэгжсэнээс хойш гацсан эрчим хүчний гацаа шийдэх үндсийг тавьсан юм. Тавантолгойн ордод тулгуурлан цахилгааны асуудлаа шийдвэрлэх билээ. Өнгөрсөн аравдугаар сард Австралид болсон “IMARC” олон улсын уул уурхайн форумд оролцох үеэрээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Рио Тинто компанид тавьсан юм.

“Хөрөнгө оруулагчидтай санхүүжилтийн гэрээ байгуулна. Үүний эхлэл болгож ирэх оноос эхлэн Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн системээс эрчим хүчний хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангахаар болж байгаа юм” гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ярьсан юм.

Оюутолгой компани БНХАУ-аас 100 гаруй Мвт-ын эрчим хүчийг импортолдог бөгөөд мөнгөн дүнгээр хэмжвэл 160-170 гаруй сая ам.долларыг зарцуулдаг аж. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний 20 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Монгол Улс 2023 оны зургаадугаар сард Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг хангах нөхцөл бүрдвэл 200 гаруй сая ам.долларыг дотооддоо авч үлдэх боломж бүрдэх ажээ. 

МЕТАН ХИЙН ХАЙГУУЛ ЭХЭЛНЭ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir petroleum” компани энэ онд Номгон IX хайгуулын талбайн судалгаагаа эхлүүлж, нэмэлт хөрөнгө оруулалт татна гэдгээ зарлалаа. “Номгон IX” хайгуулын талбай нь Тавантолгойн бүлэг ордын дулааны нүүрсний талбайг хамрах бөгөөд 14 сая тонн нүүрсний нөөцтэй юм.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан билээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаар эхний ээлжид хайгуулын ажил хоёр үе шаттай хэрэгжиж, хайгуулын дүн гарсны дараа ашиглалтын лицензийг хэрхэн олгох,ашгаа хэрхэн тохирохоор шийдвэрлэх юм.

БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ШИНЭ ГАРАА

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сард хуралдаж Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших 446 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан юм. Энэ шийдвэрийн дагуу энэ онд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг барихаар болоод байна. Энэ үйлдвэрт жилдээ 257 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж 1.9-2 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж тооцоолж буй.

Тусгай хэрэгцээнд авах шийдвэр оны өмнөхөн гарсан ч 2017 оны гуравдугаар сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаас зэсийн баяжмал боловсруулах шийдвэр гарч байсан юм. Тухайн үед зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмшихийг зөвшөөрч байсан юм.

Үүнээс гадна монголдоо томд тооцогдох гангийн үйлдвэр ашиглалтад орно. “Эрдэнэс Монгол" компани, "Бэрэн" групптэй хувь нийлүүлсэн “Эрдэнэс Стийл” компанийн гангийн үйлдвэрээ энэ жил ашиглалтад оруулна. Оны өмнөхөн гангийн үйлдвэрийн барилгын ажил нь 70 хувьтай явж байгааг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү ярьж байсан юм.

Үйлдвэрийн нийт өртөг 320 сая ам.доллароор хэмжигдэж буй бөгөөд хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан шийджээ. Үйлдвэрийн хувьд жилдээ 300 мянган ган төмөр боловсруулах хүчин чадалтай юм байна.

Тус компани гангийн үйлдвэрээс гадна уран боловсруулах туршилтын үйлдвэрээ нээхэд бэлэн болжээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Мон Атом” компани, “Орано” компанийн хамтарсан “Бадрах Энержи” компанийн уран олборлох туршилтын үйлдвэр бэлэн болжээ. Уг компани Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших “Зөөвч-Овоо”, “Дулаан-Уул” ордуудын төслийг хариуцаж байгаа юм.

ERD “ХӨНДИЙ” АЛТНЫ ТӨСЛӨӨ АШИГЛАЛТЫНХ БОЛГОНО

Торонтогийн болон Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компанийн хөрөнгө оруулалт татах, хайгуулын талбайгаа өргөжүүлэх, ашиглалтын лиценз авах ажил төлөвлөсөн хуваарийн дагуу явж байгааг компанийн зүгээс мэдээллээ. Энэ оны хоёрдугаар улиралдаа багтаж ашиглалтын лиценз авахаар болоод байна.

Өнгөрсөн жилийн зургаадугаар сард хөрөнгийн бирж дээр гарч нээлттэй хувьцаат компани болсон тус компанийн “Хөндий” алтны төслийн геологийн нөөц захын агуулгаар 1.4 г/т бөгөөд 20.5 тонн алттай гэж тогтоогджээ. Тус ордын тогтоогдсон нөөц 2.3 г/т агууламжтай алтны нөөц 751 000 унци, харин таамаглаж буй 1.8 г/т агуулгатай алтны нөөц 291 000 унци гэж тогтоогдсон аж.

Хоёр өөр улсын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй гэх “ERD” компани Баян-Өндөр болон Шинэ Жинст сумын удирдлагуудтай хамтран  5 500 иргэнд тус бүр нь 20 нэгж хувьцаа бүхий данс нээж, хувьцаагаа эргэлтэд оруулсан юм. Тус компани өнгөрсөн хоёрдугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хайгуулын талбайгаа өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top