Сэлэнгэ, Өмнөговь, Булган аймагт хийж буй уул уурхайн хяналт шалгалтаар 64 зөрчил илэрч, найман компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй зургаан үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Байгаль орчин, уул уурхай, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг шалгах хяналт шалгалтын хүрээнд одоогоор 21 аж ахуйн нэгжийг хамруулаад байгаа аж.
Шалтгалт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь байгаль орчны үнэлгээтэй ч зургаан аж ахуйн нэгж л үнэлгээнд заагдсан шаардлагыг бүрэн хангажээ. Түүнээс гадна ус ашиглалт, хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн, хог хаягдлын менежментийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь тогтоогдсон байна. Хайгуулын үйл ажиллагаанд зарим өрөмдлөгийн цооногийг нөхөн сэргээгээгүй, зориулалтыг нь өөрчилсөн зөрчил илэрчээ. Ялангуяа Сэлэнгэ аймагт хууль бус олборлолтын улмаас үүссэн олон тооны нүх, цооног иргэдийн аюул байдалд эрсдэл учруулах эрсдэлтэй байна гэж дүгнэжээ.
Холбогдох байгууллагууд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, хууль бус олборлолтыг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авч буй бөгөөд хяналтын ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )