Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр дагнан бичдэг “Benzinga” цахим хуудас ашигт малтмал тэр дундаа ховор ашигт малтмалын салбарт үндсэрхэг үзэл нэмэгдэж, хөгжиж буй улс орнууд уул уурхайн салбартаа илүү хяналт тогтоож байгаа талаар бичжээ. Чухам энэ нь ханган нийлүүлэлтийн сүлжээг доголдуулж, ашигт малтмалыг ховордуулж болох тухай санааг хөндсөн байна. Уг нийтлэлийг та бүхэнд сийрүүлэн хүргэе.
Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөж буй энэ цаг үетэй зэрэгцэн улс орнууд дотоодын нөөцөө хянахыг илүүд үзэх болжээ. Чухамдаа улс орнынхоо ашиг сонирхлын төлөө дотоодын нөөцийг хянах нь уул уурхай дээр тулгуурласан улс орнуудын гол хандлага юм. Тухайн улс орны томоохон уул уурхайн гэрээг дахин хэлэлцэхээс эхлээд экспортын тодорхой хязгаарлалт тавих, роялтиг шинэчлэх, татварыг өсгөх зэргээр ашигт малтмал, уул уурхайн салбараас илүү их ашиг олохыг эрмэлзэж байна. Энэ нь үндэсний хөгжил, эдийн засгийн тусгаар байдлын нэг сэжим байж болно. Гэхдээ хэт түрэмгий хандлага нь гаднын хөрөнгө оруулалтыг саатуулж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтцийг тогтворгүй болгож мэднэ.
Сөрж буй улс орнууд
Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай “Оюу Толгой” зэсийн уурхайтай холбогдох хэлэлцээрийг дахин эхлүүллээ. Монгол Улс дэлхийн тэргүүлэгч зэсийн уурхайн нэг “Оюу Толгой”-н 34%-г эзэмшдэгч албаныхан үүнийг үндэсний ашиг сонирхлыг тусгаагүй гэж үзэж буй. Тус улс энэ төслөөс хүртэх ашгийг 60% болгон нэмэгдүүлж, зээлийн хүүгийн хэмжээг эрс бууруулж, менежментийн төлбөрийг 50 хүртэлх хувиар бууруулах, ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулж, тодорхой болгохыг шаардаж, санал тавиад байна.
Уул уурхайн салбарт үндсэрхэг үзлээр хандах нь гаднын хөрөнгө оруулалтыг саатуулж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтцийг тогтворгүй болгож мэднэ.
Африк тивийн Гана улс алтны салбартаа роялтийн шинэ систем нэвтрүүлж байна. Алтны салбарт сэргэлт тодорхой ажиглагдах болсонтой холбогдуулан тэд ийм шийдвэрт хүрсэн. Ингэснээр алтны ханш өсөхийн хэрээр роялти хэлбэрээр авах татварын хэмжээ 12%-д хүртэл өсөх боломжтой болох юм. Ройтерс мэдээллийн агентлагийн мэдээлснээр АНУ болон Хятад улс тэдний энэ бодлогыг эрс эсэргүүцэж байна. Гана улсын Уул уурхайн танхим ч энэ бодлогод болгоомжтой хандаж буйгаа илэрхийлж, “шинэ төсөл болон хөрөнгө оруулалтыг бууруулна” гэж анхааруулсан. Тус улс 2025 онд 6 сая орчим унци алт олборлосон бөгөөд Нью-Йоркын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ньюмонт” групп болон “Голд Фильдс” компаниуд байна.
Одоогоос зургаан жилийн өмнөөс төмрийн хүдэр экспортлохыг хориглосон Индонез улс хяналтаа улам чангатгажээ. Тус улс 2025 онд сая, сая га талбайгаар хэмжигдэх уул уурхай, олборлолтын газруудыг хураан авч, лицензийн зөрчлийн улмаас олон тооны компаниудад 1.7 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. Хэдийгээр Трампын засаг захиргааны үед АНУ-тай харилцаагаа сэргээж буй ч уул уурхайн салбарт хамтран ажиллах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа.
Бодлогын өөрчлөлт
Бодлого нь илүү уян хатан болж шинэчлэгдэх магадлалтай улс бол Чили. Тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хосе Антонио Каст нь хэт барууны үзэлтэй тул уул уурхайн салбарт баримтлах бодлогоо өөрчилнө гэж шинжээчид үзэж байна. Лхагва гаргаас бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн Каст Эдийн засаг болон уул уурхайн яамаа нэгтгэж буйгаа зарласан. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох процессыг илүү хялбар болгохоо ч кампанит ажлынхаа үеэр амлаж байв. Татвар бууруулах, хөрөнгө оруулагчдыг татах зэрэг өөр олон амлалтууд ч бий. Чилийн хувьд зэс болон литийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг. Тийм ч учраас энэ улсад бодлого хэрхэн өөрчлөгдөх нь хөрөнгө оруулалтын анхаарлыг татаж буй.
Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Каст уул уурхайн салбарт баримтлах бодлогоо илүү уян хатан болгож магадгүй гэх хүлээлт байна.
Түүнчлэн баруун европын хэд, хэдэн улс ч энэ талаар бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэйг онцлоод байна.

Сэтгэгдэл ( 0 )