Орос хэлний өдөр Улаанбаатар дахь “Русский Дом”-д

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 06 сарын 06

 

6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар дахь “Русский Дом”-д Орос хэлний өдөр болон Оросын их яруу найрагч Александр Сергеевич Пушкины мэндэлсний өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ боллоо.

Арга хэмжээний оролцогчдод хандан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков мэндчилгээ дэвшүүлж, орос хэл нь соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал хэрэгсэл болохыг онцлон тэмдэглэв.

Баярын арга хэмжээний гол хэсгүүдийн нэг нь “Улаанбаатар дахь Русский Домын 50 жил” дурсгалын тэмдгийг гардуулах ёслол байлаа. Энэхүү дурсгалын тэмдгээр МонАПРЯЛ-ын ерөнхийлөгч Цэвээний Магсар, Оросын (Зөвлөлтийн) их, дээд сургууль төгсөгчдийн Монголын холбооны дэд ерөнхийлөгч Доржпалам Цогзолмаа, МУИС-ийн профессор Цэрэнчимэдийн Саранцацрал, МУБИС-ийн Орос хэлний тэнхимийн эрхлэгч Ширнэн Цолмон, МУБИС-ийн гадаад хэлний хувьд орос хэл заах багш Бадарах Анар, Зайны сургалтын төвүүдийн төлөөлөл Дагвадорж Туяа, Лувсанцэрэн Оюунцэцэг, Г.В. Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын захирал Наталья Антипова, Монгол-Оросын хамтарсан сургуулийн дэд захирал Наиля Оленкова, 84 дүгээр сургуулийн Орос хэлний төвийн захирал Жамъянсүрэн Энхтуяа нар шагнагдав.

Мөн арга хэмжээний хүрээнд орос хэлний багш нар, боловсролын төслүүдийн удирдагчид болон “Русский Дом”-ын хамтран ажиллагч түншүүдэд талархлын бичиг гардуулж, Монголын сэтгүүлчдэд зориулсан орос хэлний тусгай сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчдод сертификат олгов.

Баярын хөтөлбөрийг “Сувд Дэнс” бүжгийн студийн үзүүлбэр, “Авьяас Билиг” сургуулийн бяцхан уран бүтээлчид болох Ууганбаярын Ужингоо, Гансүх Урантогос, Алтанзул Минжинсор нарын дуулсан “Капитан” дуу, олон улсын хөгжмийн уралдааны лауреат Заяат Батцэнгэлийн дуулсан “Поклонимся великим тем годам”, мөн Гансүх Ужингоогийн толилуулсан “Весёлый ветер” дуу үзэгчдийн сонорыг мялаав.

Харин ProBe студийн үүсгэн байгуулагч, жүжигчин Мөнхбаярын Төгөлдөр Александр Пушкины “Я помню чудное мгновенье” шүлгийг уншиж, зочдод яруу найргийн бэлэг барив.

Арга хэмжээний зочдод Александр Пушкины уран бүтээл болон орос хэлний сэдэвт утга зохиолын асуулт, хариултын тэмцээн, интерактив тоглоомуудад идэвхтэй оролцож хөтөлбөрийн төгсгөлд нэрт хэл шинжээч, орос хэлийг түгээн дэлгэрүүлэгч Людмила Вербицкая-гийн тухай өгүүлэх “Главный русист планеты” баримтат киног толилуулав.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top