Гросси “Росатом”-ын аюулгүй байдалд хариуцлагатай ханддагийг өндрөөр үнэлэв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Оросын “Росатом” корпорац дэлхий дахинд төсөл хэрэгжүүлэхдээ хариуцлагатай хандаж, объектуудын аюулгүй байдлыг хандах бүхий л стандартуудыг чанд сахидаг гэж Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси Узбекистаны атомын цахилгааны станцын шавыг тавих ёслолын үеэр мэдэгджээ.

Тус улсын Жиззах мужид атомын цахилгааны станцын нэгдүгээр блокийн барилга ажил эхэллээ. Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар шав тавих ажиллагаанд оролцов.

Эл төсөл нь 3+ үеийн ус-усны эрчим хүчний реактор буюу ВВЭР-1000 реакторт суурилсан хоёр том хүчин чадлын эрчим хүчний блок болон тус бүр 55 МВт хүчин чадалтай РИТМ-200Н реактор бүхий хоёр эрчим хүчний блокоос бүрдэнэ.

Энэхүү төсөл нь нэг талбай дээр их болон бага хүчин чадлын атомын цахилгаан станцын блокуудыг зэрэг барьж байгуулах дэлхийн анхны төсөл болох юм. Жиззах мужид бага хүчин чадлын атомын цахилгаан станц барих төсөл нь хуурай газрын нөхцөлд ашиглахаар тохируулан боловсруулсан Оросын хамгийн сүүлийн үеийн технологи болох РИТМ-200Н ус-усны реактор юм. Энэхүү реакторын дулааны хүчин чадал 190 МВт, цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 55 МВт бөгөөд ашиглалтын хугацаа нь 60 хүртэл жил байна.

РИТМ-200Н реакторт суурилсан атомын цахилгаан станц нь цогц бүтэцтэй. Өөрөөр хэлбэл, реакторын идэвхтэй бүс болон уур үүсгэгч нь нэг корпуст нэгтгэгдсэн байдаг. Энэ нь төслийн эдийн засгийн үр ашгийг өндөр түвшинд хүргэж, станцын аюулгүй байдлыг дээд хэмжээнд хангах боломжийг олгодог.

Одоогийн байдлаар ийм цогц бүтэцтэй бага хүчин чадлын атомын цахилгаан станцыг зөвхөн “Росатом” компани санал болгож байна.

Узбекистан улсад баригдах атомын цахилгаан станцад зориулсан реакторуудыг үйлдвэрлэх ажлыг Росатом корпорацын Машин үйлдвэрлэлийн салбарын бүрэлдэхүүнд багтдаг “ЗиО-Подольск” машин үйлдвэрлэлийн үйлдвэр хариуцахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top