Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахуйн бодлого ЗАСГИЙН ГАЗРЫН манлайллыг хүлээж байна

2024 оны 11 сарын 05

 

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт хэмээх үгс та  бидний хувьд хэдийн танил болж, дэлхий даяар энэ асуудалд онцгой анхаарал хандуулж буй нь гадаад мэдээ үзэж, унших төдийд л анзаарагдана. Монголын хэвлэлүүд ч уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах бодлогын хүрээнд мэдээ, мэдээлэл нийтэлдэг, мэдээлдэг болж эхэлж байна.

Монгол Улсын хувьд анх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орж, 1993 онд уг конвенцыг УИХ-аар соёрхон баталж байв. Мөн 1999 онд Киотогийн протокол (192 гишүүн орон), 2016 онд Парисын хэлэлцээр (199 гишүүн орон)-т нэгдсэний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, 2019 онд Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (184 гишүүн орон)-ээ Засгийн газрын 2019 оны 407-р тогтоолоор баталсан. Ийнхүү хууль тогтоомж, төлөвлөлтийн хувьд хоцрогдоогүй харагдах хэдий ч Ерөнхий сайд нь олон нийтийн өмнө энэ тухай ярьдаггүй, салбарын яам нь ч анхаарал татахуйц шийдвэр гаргаж, манлайлал үзүүлэхгүй явсаар өнөөг хүрсэн билээ.

Харин өнгөрсөн зун болж өнгөрсөн Монголын эдийн засгийн чуулган 2024-ийн хүрээнд энэ асуудал нэлээд чухал байр суурь эзлэн, улмаар “Ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт” сэдвээр 2024 оны 7 сарын 8-ны өдөр нэгдсэн хуралдаан болж гаднын болон Монголын экспертүүд байр сууриа илэрхийлэн санал солилцов. Энэ хуралдаанаар жилийн дараа болон ойрын ирээдүйд, түүний дотор ирэх 30 жилд Монгол Улсад ямар дэвшил гарах боломжтойг хэлэлцлээ.

Монгол Улсын эдийн засаг болоод эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснээс хэт хамааралтай явж буй онцлогийг хэлэлцүүлгийн явцад ч анхаарлын гадна орхиогүй бөгөөд эрчим хүчний шилжилтийг аажмаар хийх боломжийг гадаад, дотоодын экспертүүд онцолж байсан нь анхаарал татаж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа /Ховд аймгийн Засаг дарга асан/ баруун аймгуудыг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангахад тулгарч буй асуудал, түүний шийдлийн талаар саналаа илэрхийлж, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн хүлээлт өндөр байгааг онцлон тэмдэглэсэн бол, “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Баатармөнх ногоон эрчим хүч үйлдвэрлэгч компанийн хувьд цэвэр эрчим хүчний хэрэглээг жил бүр тодорхой хувиар нэмэгдүүлснээр 2030 он гэхэд 70/30 гэсэн харьцаанд хүргэх зорилт биелэх боломжтойг, мөн эрчим хүчээ 100 хувь өөрсдөө үйлдвэрлэж, улмаар цэвэр эрчим хүч экспортлох цаг тун удахгүй гэдгийг харах цаг ирнэ хэмээн онцолж байсан.

Гадны экспертүүдийн хувьд Монголын эдийн засгийн болоод эрчим хүчний өнөөгийн байдлыг харгалзан энэ тал дээр санал нэг байсан хэдий ч цөмийн болон устөрөгчийн станцыг байгуулснаар ногоон эрчим хүчний хэрэглээг огцом нэмэгдүүлэх боломж байгааг сануулж байлаа. Түүнчлэн Монгол Улсын хувьд цахилгаан болон дулааны эрчим хүч гарган авахад нүүрс, байгалийн хий, нар, салхи, усан цахилгаан станц, био массын хосолмол хувилбар ойрын жилүүдэд зонхилон ашиглагдах нөхцөл боломж байгааг, хамгийн гол нь засаг төрийн бодлого тогтвортой байхын чухлыг экспертүүд онцлон дурдсаныг анхаарууштай.

Энэхүү хэлэлцүүлгийн явцад хийсэн дүгнэлтүүдээс, нүүрсний станц байгуулах төсөлд олон улсаас санхүүжилт олдохгүй, харин уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, хүлэмжийн хийг бууруулах бодлогын хүрээнд ногоон эрчим хүчний төслүүдэд илүүтэй дэмжлэг үзүүлэх магадлалтай нь тодорхой болсон юм.

 

МОНГОЛЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭРЭГЛЭЭ ЯМАР ТҮВШИНД БАЙНА ВЭ

 

Яагаад ногоон эрчим хүчний шилжилт гэж? Манай орны хүн амын 99,4 хувь нь цахилгаан эрчим хүчээр хангагдсан орчинд амьдардгийг 2023 онд явагдсан Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны тоо баримтаас харж болно. Энэ үзүүлэлт хотод 99.9 хувь, хөдөөд 97.9 хувь байгаа нь өндөр үзүүлэлт биш гэж үү.

Монгол Улс цахилгаан эрчим хүчнийхээ 80 хувийг өөрсдөө үйлдвэрлэж, 20 хувийг нь хойд, урд хоёр хөршөөсөө импортолдог. Монголын хамгийн том төсөл болох Оюу толгой гэхэд цахилгаан эрчим хүчээ 100 хувь БНХАУ-аас авч үйл ажиллагаа явуулдаг бол Баруун таван аймгийн хувьд Эрчим хүчнийхээ 76 хувийг ОХУ-аас импортолж, 24 хувийг Дөргөний Усан цахилгаан станцаас авдаг.

Эрчим хүчний зохицуулах хорооны тайланд дурдсанаар, манай улс 2023 онд дотоодын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 90,9 хувийг дулааны цахилгаан станцаар, 8,5 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 0,6 хувийг усан цахилгаан станцаар, 0,01 хувийг дизель станцаар үйлдвэрлэжээ. Дулааны цахилгаан станц бол малтмал түлш болох нүүрсээр эрчим хүч гарган авдаг онцлогтой учир нүүрсний хэрэглээ монголын эрчим хүчний үйлдвэрлэлд давамгайлах байр суурьтай хэвээр байгаа билээ.

Хэдийгээр ногоон эрчим хүчний үйлдвэрлэл хөгжиж нар, салхи, усны эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр хувийн хэвшлийн компаниуд манлайлал үзүүлэн ажиллаж байгаа ч сэргээгдэх эрчим хүчний дотоодын эрчим хүч үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээ одоогийн байдлаар 10 хувийн босго ч даваагүй явна.

Нар, салхины эх үүсвэрээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлээс MCS групп (“Бөхөг” 15 МВт-ын НЦС-2019, Төв аймаг; Замын-Үүд “Гэгээн” 15 МВт-ын НЦС-2017, Дорноговь; “Сайншанд салхин парк” 55 МВт-ын СЦС-2017, Дорноговь; Авто зам дагуух үйлчилгээний жишиг цогцолбор-2022), “Ньюком” групп (100 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий хоёр салхин цахилгаан станц: Салхит-2013; Цэций-2017) зэрэг томоохон компаниуд манлайлан ажиллаж байна.

Монгол Улсын эрчим хүчний салбарын хувьд анхны Төвийн эрчим хүчний сүлжээнд /ТЭХС/ холбогдсон мега чадлын нарны цахилгаан станц бол Дарханы 10 МВт-ын Нарны Цахилгаан Станц юм. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багт орших тус станц нь жилд 18.500.00 кВц эрчим хүчийг ТЭХС-д нийлүүлдэг бөгөөд 310 Вт нарны зай 32274 ш,  DC холболтын хайрцаг 153 ш,  630 кВт-ын Инвертер 16 ш,  1600 кВА чадалтай 0.4/10 кВ-ын трансформатор 8 ш, 1 МВА хүчний трансформатор 1 ш зэрэг үндсэн тоног төхөөрөмжүүд суурилуулагдсан станц юм. Тус НЦС нь “220/110/35 кВ-н Дархан дэд станц”-тай 110 кВ-ын хүчин чадлаар шинээр холбогдож, ТЭХС-тэй зэрэгцээ ажиллаж байна.

Дарханы НЦС нь 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Төвийн Эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн нийлүүлж эхэлжээ. Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 25 орчим хувийг эрчим хүчний салбар эзэлдэг бол Монголын нийт хүлэмжийн хийн ялгарлын 65 хувийг эрчим хүчний салбар эзэлж байгаа нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх гол үндэслэл болно хэмээн уг станцын танилцуулгад онцлон дурджээ.

Сэргээгдэх эрчим хүчний станцын бодит байдалтай танилцахын тулд “Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдсан 21 сэтгүүлч болон төслийн багийнхан Бөхөг НЦС-ыг зорьсон юм.

 

Монгол Улс нийт таван нарны цахилгаан станцтай бөгөөд “Бөхөг” НЦС хүчин чадлаараа эхний хоёрт ордог байна. Тус НЦС-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 68 км зайд, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлаас баруун урд зүгт 5.3 км зайд орших Бөхөгийн хөндий гэх газарт барьж ашиглалтад оруулсан ба нийт 48 га газрыг хамардаг.

Тус бүр нь 320 Вт -ын хүчин чадалтай 51,372 ширхэг NDAF-320 загварын нарны дэлгэц суурилуулах, TMEIC фирмийн 15 ширхэг инвертер суурилуулах,  8 ширхэг E-house суурилуулах, 110/10 кВ-ын “Бөхөг” дэд станц, 10кВ хаалттай хуваарилах байгууламж зэргийг суурилуулах ажлуудыг MCS групп гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш өдгөө тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

НЦС-ын эрчим хүч үйлдвэрлэлийн оргил үе нь үдийн 12.00 цагийн орчим байдаг бөгөөд оройн 19.37 цагийн орчим буюу нар буух үеэр үйлдвэрлэл нь зогсдог. “Бөхөг” Нарны Цахилгаан Станц дангаараа 30 мянган өрхийн хэрэглээг хангах боломжтой хэмээн танилцуулахад нь бид “Жижгэвтэр аймгийн төвийг цахилгаанаар хангаж чадах нь ээ” хэмээн өөр зуураа ярилцаж байлаа. 

Эргэн тойрны бүхий л тоног төхөөрөмж өндөр хүчдэлд холбогдсон тул аюулгүй ажиллагааны шаардлагыг баримтлан НЦС-тай танилцсан. Нарны цахилгаан станцын эргэн тойронд агаарын бохирдол өчүүхэн ч үгүй, цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Анх 2013 онд “Салхит” СЦС-ын салхин паркийг үзэж байхад салхины давагдашгүй их хүч, асар өргөн уудам газар нутгийг эзэлсэн байдал нь мэдрэгдэн сэтгэл түгшиж байсан билээ. Харин “Бөхөг” Нарны Цахилгаан Станцын хувьд эх үүсвэр нь нар болоод ч тэр үү, нэг л өөр амгалан тайван мэдрэмжийг төрүүлэх аж.

Арваад жилийн өмнө урд хөрш БНХАУ-д бизнес айлчлалын сурвалжилгад явж байхдаа хотуудын зах руу  асар их хэмжээгээр төвлөрсөн нарны зайн хавтангуудыг хараад “Ийм их зай эзэлсэн хог хаягдал хэдэн жилийн дараа хаана хаягдах бол оо” хэмээн бодож байсан сан. Билл Гэйтсийн номыг уншиж байхад “...нарны станц нүүрснийхээс 5-50 дахин, салхин цахилгаан станц нарныхаас 10 дахин их газар ашиглана” гэсэн өгүүлбэр нүдэнд хамгийн тод туссан юм. Иймд “Нарны хавтан хэр олон жил ашиглагдах боломжтой вэ?” гэсэн асуултыг станцын ажилтнуудаас асуулаа. NDAF-320 загварын нарны дэлгэц 25-30 жил ашиглагдах боломжтой гэсэн хариултыг бидэнд өгөв.

“Бөхөг” Нарны Цахилгаан Станц өдөр бүр 15 МВт цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний сүлжээнд шууд нийлүүлдэг бөгөөд зөвхөн бүрхэг өдрүүдэд л энэ хэмжээ буурдаг аж.

Сэргээгдэх эрчим хүчний бүх төслийг нэг нийтлэлд багтаах аргагүй билээ. Нар, салхины төдийгүй усан цахилгаан станцын үйлдвэрлэл, хэрэглээ бидний амьдралд нэвтрээд удаж байна. Тухайлбал, Дөргөний 8 МВт-ын УЦС 2009 оноос эхлэн жилийн дөрвөн улиралд тасралтгүй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж баруун бүсийн эрчим хүчний системд нийлүүлсээр байна.

Энэ тухай хэвлэлийн мэдээний агуулгад анхаарлаа хандуулъя. МОНЦАМЭ агентлагийн 2023-09-18-ны өдрийн мэдээнд, “Дөргөний усан цахилгаан станцыг үүсгэн байгуулсны түүхт 15 жилийн ой 2023 онд тохиож байна. Тус станц нь жилд дунджаар 37-40 сая кВтц цахилгаан эрчим хүчийг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д нийлүүлж байгаа. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд 587 сая кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Үүнээс 526 сая кВтц цахилгаан эрчим хүчийг “Баруун бүсийн эрчим хүчний систем”-д нийлүүлсэн байна” гэжээ.

Харин Эрдэнбүрэнгийн УЦС төслийн веб сайтад 2023.04.24-ний өдөр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах талбарт ажиллах үеэрээ “Баруун гурван аймаг эрчим хүчний хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авдаг байдлыг зогсоохын тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах ёстой. Эрчим хүч нь Үндэсний аюулгүй байдалд хамаарагддаг. Тийм учраас эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангадаг байх цаашлаад экспортлогч орон болохыг зорин ажиллаж байна. Үүнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын үүрэг өндөр” гэдгийг онцлоод төслийг хугацаанд дуусгахад анхаарч ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож байсныг мэдээлжээ. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун аймгуудыг 100 хувь эрчим хүчээр хангаж, улмаар эрчим хүчний экспорт хийх боломж бүрдэх хэтийн төлөв байгаа аж.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ та бидний амьдралд аль хэдийн нэвтрээд эхэлчихжээ. Мэдээж, хүлэмжийн хий их ялгаруулдаг технологиос илүү цэвэр технологийг сонгох нэмэлт зардал буюу ногоон премиумын өртгийг ч бид төлөлцөж байгаа. Нар, салхи, ус хэмээх байгалийн нөөц баялгаа цахилгаан эрчим хүч болгон үйлдвэрлэж, ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ногоон хөгжлийн зам улам бүр өргөжин тэлсээр байна.   

 

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БОДИТОЙ ЗҮЙЛ ЭСЭХ ТАЛААРХ ЭРГЭЛЗЭЭГ ТАЙЛЪЯ

 

Уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан нь юу ч байлаа гэсэн манайх шиг хүн ам багатай улсын үзүүлэх нөлөө, хүлэмжийн хийн ялгарал нь Хятад, Энэтхэг зэрэг орнуудын дэргэд өчүүхэн л байлгүй дээ. Бид юунд нь санаа зовох ёстой юм гэсэн хандлага нэлээд түгээмэл байдаг.

Монгол Улсын хувьд сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур 2,4 хэм нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 1+ дахин өндөр үзүүлэлт юм. Мөн жилийн дундаж хур тунадасны хэмжээ 2,5 хувиар буурч, нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2,7 дахин өндөр байгаа нь Монгол Улс дуугүй хараад сууж болохгүй гэдгийг илтгэж байна.

 

Хүлэмжийн хий гэж хэт улаан туяаг шингээн авч буцаан туяаруулах шинж чанартай байгалийн буюу хүний үйл ажиллагааны гаралтай хийн мандлын бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнд нүүрсхүчлийн хий (CO2), метан (CH4), азотын хүчил (N2O), ус фторт нүүрстөрөгчүүд (HFCs), перфторт нүүрстөрөгчүүд (PFCs), гексафторт хүхэр (SF6) зэрэг хий орно. Эх сурвалж: Байгаль орчны яам, Мэдээлэл шинэчилсэн 2018-09-21, https://www2.1212.mn/

 

Монгол оронд цаг уурын системчилсэн ажиглалт 1940-өөд оны эхэн үеэс эхэлсэн бөгөөд энэхүү системчилсэн ажиглалтын тасралтгүй үйл ажиллагааны үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийг тоон үзүүлэлтээр олж харах боломж өнөөгийн бидэнд олджээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын талаарх мэдээллийг хүлээж авахын тулд зарим анхан шатны ойлголт, тухайлбал цаг агаар, уур амьсгал хэмээх хоёр ойлголтын ялгааг мэдэх нь чухал байдаг.

Уур амьсгалын өөрчлөлтийн толь бичигт, Цаг агаар гэдэг нь агаарын хэм, хур тунадас, ууршилт, чийгшил, үүлний бүрхүүл, салхи, үзэгдэх орчин зэрэг тодорхой цаг хугацаа, газар нутгийн агаар мандлын нөхцөл байдлыг хэлнэ. Харин Уур амьсгал гэдэг нь аливаа газар нутгийн удаан хугацааны туршид буюу ихэвчлэн 30 болон түүнээс олон жилийн цаг агаарын төлөв байдлын дундаж үзүүлэлтээр тодорхойлогдох бөгөөд уур амьсгалын тогтолцооны ерөнхий төлөв байдлыг  илэрхийлдэг хэмээн тайлбарлажээ. 

Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт гэдэг энэ үг 30 ба түүнээс дээш жилийн туршид дэлхийн болоод Монголын уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж буйг илэрхийлэх аж. Чухам яагаад дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болж байна гэж үзээд байгааг ойлгохын тулд Монголын уур амьсгалын өөрчлөлтийн тоо баримттай танилцъя.

Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөд 1901-2020 оныг хүртэл хийсэн ажиглалтын тоо баримтад буй улирлын дундаж температурын үзүүлэлтээс үзвэл, манай орны хамгийн хүйтэн улирал буюу өвлийн улирлын 12, 1, 2-р сарын дундаж температур 1901-1930 онд -19,34*С, 1931-1960 онд -19,57*С байсан бол 1961-1999 онд -18,37*С, 1991-2020 онд 17,41*С болж бараг 2 хэм орчим дулаарсан үзүүлэлттэй байна. Хамгийн дулаан үе буюу зуны улирлын 6, 7, 8-р сарын дундаж температур 1901-1930 онд 16,4*С, 1931-1960 онд 16,49*С, 1961-1990 онд 16,22*С байснаа 1991-2020 онд 17,6*С болж дулаарчээ. Доорх хүснэгтээс жилийн улирал бүрийн дундаж температур нэмэгдэж, Монгол оронд дулаарал явагдаж буйг ажиглаж болно.

 

Монгол орны улирлын дундаж температур (ажиглагдсан дундаж), 1901-2020 он

 

Түүнчлэн Монгол орны уур амьсгалын өөрчлөлт 1901-2022 онд хэрхэн явагдсаныг 10 ба 20 жилээр үечлэн үзүүлсэн гадаргын агаарын жилийн дундаж температурын өсөлтийн график, өнгөний кодоор илэрхийлсэн зургаас бататган харах боломжтой юм.

 

Гадаргын агаарын жилийн дундаж температур (ажиглагдсан дундаж), 1901-2022, монгол улc

 

 

 

 

Эх сурвалж: https://climateknowledgeportal.worldbank.org/country/mongolia/climate-data-historical

Монгол оронд явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн ажиглалтын тайлан (The Assessments of Impacts and Adaptation to Climate Change (AIACC) program, 2005)-д дурдсанаар, жилийн нартай өдрийн тоо дунджаар 260 гэж үздэг ч энэ тоондоо хүрдэггүйг, мөн нэгдүгээр сард агаарын дундаж температур -15*С-аас -35*C-д хэлбэлздэгийг онцолжээ. Бүс нутгаар нь ангилж үзвэл -30-аас -34*С Алтай, Хангайн хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулсаар; -25-аас -30*С хүртэл уулархаг нутгаар; -20-оос -25*С; хээр талаар; -15-аас -20*С говьд ажиглагдсаныг дурдаад, хамгийн бага температур 1972 оны 12-р сарын 31-нд Увс нуурын хотгорт -56*С, хамгийн өндөр температур 1999 оны 7-р сарын 24-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд +44*С ажиглагдсан тухай тайланд мэдээлжээ.

Энэхүү тайланд цасан бүрхүүлийн мөчлөгийн тухай 1970-2001 оны ажиглалтын мэдээллийг бүс нутаг тус бүрээр тодорхой оруулсан байна. Жам ёсоороо бол 10, 11 дүгээр сард анхны цас орж, дөрөвдүгээр сард сүүлийн цас ордог байсныг доорх хүснэгтээс харж болно.

 

Цасан бүрхүүлийн эхлэх, дуусах огноо, цасан бүрхүүлтэй өдрийн тоо (1970-2001)

 

Эх сурвалж: https://www.start.org/Projects/AIACC_Project/working_papers/Working%20Papers/AIACC_WP_No013.pdf

 

Харин сүүлийн жилүүдэд Монгол орны зарим нутагт туйлын туяа ажиглагдаж, өвөл бороо орох, хавар намартаа зуд болох, халуун зунаар цасан бүрхүүл тогтох, ган гачиг, үер усны аюул ихсэх зэрэг байгаль цаг уурын содон үзэгдэл болон гамшигт тохиолдлууд нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой гэж үздэг. Уур амьсгал дулаарах хэрээр ган гачиг, үерийн давтамж улам л нэмэгдэж, энэ бүхэн хүмүүсийн эрүүл мэнд, амьжиргааны арга хэлбэрт төсөөлшгүй хэмжээнд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн дэлхийн улс орнуудын эрдэмтэн мэргэд, удирдагчид анхааруулж байна.

Уур амьсгал дулаарах үйл явц нь хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн харьцаа алдагдсантай шууд холбоотой байдаг. Хүлэмжийн хий, тэр дундаа нүүрстөрөгчийн шингээлтэд гол үүрэг гүйцэтгэдэг байгалийн эерэг хүчин зүйл бол ой мод юм. Гэтэл манайд Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон даяар 84 сая мод тарьсан тухай мэдээлж байгаа хэдий ч ойн санг нэмэгдүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан үр дүн одоохондоо харагдахгүй байна.

Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 11,79 хувь буюу 18,592,4 мянган га нь ойн санд хамаардаг. Улсын хэмжээнд ой модоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 12552.9 мянган га байгаа нь монгол орны газар нутгийн нийт талбайн 7.96 хувийг эзэлж байна. 2005 онтой харьцуулахад ойн талбай 2010 онд 450.2 га, 2020 онд 492.2 га-аар буурчээ. Үүний зэрэгцээ сүүлийн үеийн статистик мэдээгээр ойн талбай 2018 онд 14341.4 га-аар, 2020 онд 14255.9 га-аар тус тус буурсан байна. Монгол орны ойн талбайн өөрчлөлт хэрхэн явагдаж буйг 2004-2020 оны үзүүлэлт бүхий дараах графикаас харах боломжтой.

 

Эх сурвалж: https://unfccc.int/sites/default/files/resource/20231112_BUR_II_MGL_Final.pdf

 

ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХАД МОНГОЛ УЛСЫН ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР ЮУ БАЙХ ВЭ

 

“...Агаар мандалд жил бүр 52 тэрбум тонн хүлэмжийн хий ялгардаг. Дулаарал нэмэгдэхээс сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн асар их хохирол, сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд хүн төрөлхтөн хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх ёстой” хэмээн Билл Гэйтс бичжээ. Энэ бол түүний арав гаруй жилийн турш уур амьсгалын өөрчлөлтийн талаар биечлэн хийсэн судалгаа, олон орны эрдэмтэдтэй хийсэн уулзалт ярилцлага, санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн туршлага, уншиж мэдсэн зүйлсийнхээ хүрээнд хийсэн дүгнэлт, дүн шинжилгээ төдийгүй дэлхийн бодлогын илэрхийлэл юм.

Билл Гэйтсийн “Уур амьсгалын гамшгаас сэргийлэх нь-Өнөөгийн шийдэл, ирээдүйн нээлтүүд” номоос та доорх өгүүлбэрийг олж уншина. “…Аж үйлдвэржилт эхэлсэн 18-р зууны дунд үеэс өмнө дэлхий дээрх ургамал болон бусад биетүүд ялгаруулсантайгаа тэнцэх нүүрсхүчлийн хийг буцаан шингээдэг байсан тул нүүрстөрөгчийн мөчлөг харьцангуй тэнцвэртэй байж. Дараа нь хүн төрөлхтөн малтмал түлш хэрэглэж эхэлсэн. Малтмал түлш нь газрын гүнд олон сая жилийн турш дагтаршсаар газрын тос, нүүрс, байгалийн хий болж хувирсан хэдэн галавын өмнөх ургамлын үлдэгдэл буюу нүүрстөрөгч юм. Бид үүнийг олборлож шатааснаар нүүрстөрөгчийг дахин ялгаруулж, агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээг нэмж орхисон…”

Аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад дэлхийн дундаж температур нэг хэмээр нэмэгдсэн. Цаашид энэ эрчээрээ явбал, энэ зууны дунд үе гэхэд 1,5-3 хэмээр, энэ зууны эцэст 4-8 хэмээр нэмэгдэхээр байна... Билл Гэйтсийн номоос шууд эш татан танилцуулж буй нь уншигч танд аль болох эрт мэдээлэл хүргэх нь чухал хэмээн үзсэнийх билээ.

Хүний үйл ажиллагаанаас хэр их хүлэмжийн хий ялгардаг вэ?

  1. Үйлдвэрлэл /цемент, ган, хуванцар/ - 29 хувь
  2. Эрчим хүч /гэрэл цахилгаан/          - 26 хувь
  3. Хөдөө аж ахуй /ургамал, амьтан/   -22 хувь
  4. Тээвэр /нисэх онгоц, ачааны машин, усан онгоц/ -16 хувь
  5. Халаалт, хөргөлт /халаагуур, агааржуулагч, хөргөгч/ -7 хувь

Энэ бол дэлхий нийтийн үзүүлэлт. Харин Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн 65 хувийг эрчим хүч, 30 хувийг ХАА-н салбар, 5 хувийг бусад салбар эзэлдэг гэсэн тойм тоо бий.

 

 

Эх сурвалж: Графикийг Дарханы 10МВт-ын Нарны Цахилгаан Станцын танилцуулгаас авав.

 

Монгол Улс дэлхийн олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах бодлогоо тодорхойлон, эрх зүйн орчныг бүрдүүлсэн талаар нийтлэлийн эхэнд дурдсан. Тэгвэл одоо хэрэгжүүлэх үе шат руугаа орж эхэлжээ.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн болон уур амьсгалын өөрчлөлтийн зорилтуудаа биелүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр дэмжлэг үзүүлж байгаа. Тус байгууллагын албан мэдээнд дурдсанаар, Улаанбаатар хотноо 2024 оны 4-р сарын 2-нд болсон Семинарын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын 27 дугаар бага хурал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч “2050 он гэхэд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьсан” тухай мэдэгдэл хийж, “Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсон орны хувьд 2050 он хүртэлх “Хүлэмжийн хийг саармагжуулах урт хугацааны стратегийг боловсруулж байна” гэжээ.

Монгол Улс Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр /ҮТХН/-ийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилтыг тавиад байгаа юм. Монгол Улсын ҮТХН-ийг хэрэгжүүлэх багийг салбарын яамд, орон нутгийн засаг захиргаа, хөгжлийн түнш, иргэний нийгмийн байгууллага, мэргэжилтнүүд зэрэг бүрэлдэхүүнтэйгээр нийслэл, 21 аймгийн хэмжээнд бүрдүүлэн ажиллаж эхлээд байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах ажил амаргүй байх нь мэдээж. Эдийн засаг, эрчим хүч нь нүүрснээс хэт хамааралтай манай орны хувьд нүүрс ялгаруулалт багатай эдийн засгийг бий болгож, ногоон эрчим хүчний шилжилт хийхэд цаг хугацаа, удирдахуйн ур ухаан, эрдэмтэн мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн ажил олгогчид, иргэн бүрийн хүчин чармайлт шаардагдана. Энэ бол та бидний хамтдаа даван туулах он жилүүд, хамтдаа цогцлоон босгох бүтээн байгуулалт юм.

2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент Эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахдаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг байгуулж, сайдаар нь УИХ-ын гишүүн С.Одонтуяаг томилсон. Уур амьсгалын өөрчлөлт хэмээх үг яамны нэрэнд орно гэдэг нэг дэвшил. Тус яам энэ асуудлыг ил тодоор хариуцан ажиллана гэсэн үг.
Гэвч шинэ тутам байгуулагдсан яам нь ч, шинэхэн томилогдсон сайд нь ч энэ том бодлогыг хэрэгжүүлэхэд хүчин мөхөстөх магадлал бий. Тэгэхээр нэн тэргүүнд Ерөнхий сайдын манлайлал, иргэдэд хүргэх үг, хэвлэлд мэдээлэх хэмжээ, далайц төдийгүй бүх шатанд ойлголтоо нэгтгэж үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээх нь нэн чухал билээ. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахуйн бодлого Засгийн газрын манлайллыг хүлээж байна.

 

Тодруулга:

Энэхүү бүтээлийг Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр (EJFP)-ийн нэг үр дүн болгон бэлтгэсэн болно. EJFP хөтөлбөрийг Breathe Mongolia - Clean Air Coalition болон Green Dot Climate төрийн бус байгууллагууд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клубтэй хамтран хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Internews-ийн Earth Journalism Network санхүүжүүлж байна. Энэхүү бүтээлийн агуулга ба илэрхийлсэн санаа бүхэлдээ сэтгүүлчийнх бөгөөд EJFP хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч байгууллагууд агуулга болон санааг хуваалцах албагүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гаадамба(66.181.177.33) 2024 оны 11 сарын 05

Дандаа худлаа, МАН-ын зарим нь олон улсын өмнө их юм ярьж амлалт өгнө, юм ч авна, тэгээд араар нь дандаа хуурч байгалийн эсрэг бүх үйл ажиллагааг дэмжинэ, явуулна. Яагаад??????????

0  |  0
Сэрээч(202.9.41.16) 2024 оны 11 сарын 05

Дэлхийн дулаарал, УАӨ-ийг бууруулах хамгийн гол зүйл бол нүүрсхүчлийн хий /СО 2/ -нээс гадна метан хий. СО 2-ыг багасгах нь мэдээж хэрэгтэй, гэвч түүнд маш их мөнгө, цаг хугацаа орно. Метан хий нь мал аж ахуй, уул уурхайгаас голлон ялгарч байгаа тул махны хэрэглээг багасгаснаар зардал мөнгө шаардалгүй хурдан хугацаанд эрс багасгах боломжтой. Учир нь СО 2 агаарт 50, 100 жилээр байдаг бол метан хий 2-3 жилийн дотор ихэнхдээ арилдаг. Мөн бүр илүү хортой нь метан хий бөгөөд СО 2-оос 84 дахин хорт нөлөө үзүүлдэг. \n\n

1  |  0
Top