Европын холбоо Оросын эрчим хүчний эх үүсвэрээс татгалзах шийдвэрээ санхүүжүүлэхийн тулд нүүрстөрөгчийн ялгарлын квотыг нэмэгдүүлэх замаар 20 тэрбум евро төвлөрүүлэх сонирхолтой байна гэж Их Британийн “Financial Times” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.
Европын комисс тогтвортой зах зээлийн нөөц сангийн хүлэмжийн хийн зөвшөөрлийг дуудлага худалдаагаар оруулах боломжийг судалж байна. Тодруулбал, тус сангийн 200-250 сая зөвшөөрлийг худалдахаар зэхэж байгаа гэнэ. Европын комисс 2020-иод оны сүүлч гэхэд 200 тэрбум еврог эрчим хүчний шинэ дэд бүтэц, нийлүүлэлтийн шинэ системд зарцуулахаар төлөвлөжээ.
Асар олон тооны зөвшөөрөл зарснаар нүүрстөрөгчийн квотын үнэ буурах, улмаар нүүрс, газрын тос, байгалийн хийн өртөг мөн буурахад хүргэнэ. Ингэснээр ЕХ-оос тавьсан уур амьсгалд ээлтэй ногоон шилжилтийн хүрээнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгод сөргөөр нөлөөлнө. Зах зээлийг ETS зөвшөөрөлд живүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг 55 хувь хүртэл бууруулах зорилгод хүрэхэд хүндрэл учруулна гэж тус сонины эх сурвалж онцолжээ.
Европын хүлэмжийн хийн квотын худалдааны систем нь (EU ETS) “хязгаарлах-худалдах” зарчмаар явдаг байна. Өөрөөр хэлбэл, агаар бохирдуулдаг объектуудын хүлэмжийн хий ялгаруулах нийт дээд хэмжээг тогтоож, квотод хуваан, объектуудад хуваарилдаг байна. Хэрэв хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ квотоос хэтэрвэл тухайн объект квот худалдан авах ёстой байдаг аж. Эл систем цахилгаан эрчим хүч, газрын тос, төмөрлөг, барилга, дотоодын иргэний агаарын тээвэр, цаас үйлдвэрлэх зэрэг салбарт үйлчилдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )