Парисын хэлэлцээрээс дахин гаргах зарлигт гарын үсэг зуржээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп цаг уурын асуудлаарх Парисын хэлэлцээрээс тус улсыг дахин гаргах тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Вашингтоны Capital One спорт-концертын цогцолборт болсон өөрийн дэмжигчдийн цуглаан дээр Доналд Трамп уг зарлигт гарын үсэг зуржээ.

Дэлхийн дулаарлын талаарх үзэл баримтлал шинжлэх ухааны үндэслэлтэй гэдэгт эргэлзэж байгаагаа Америкийн төрийн тэргүүн нэг бус удаа илэрхийлж байсан юм. 2017 онд тэрээр АНУ-ыг цаг уурын асуудлаарх Парисын хэлэлцээрээс гаргасан бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сар гэхэд уг тохиролцооноос гарах үйл явц дууссан байна.

Гэвч 2021 оны нэгдүгээр сард албан тушаалдаа орсон ерөнхийлөгч Жо Байден Америкийг Парисын хэлэлцээрт эргүүлэн нэгтгэх зарлиг гаргасан ажээ.

Цаг уурын асуудлаарх Парисын хэлэлцээрийг 2015 оны арванхоёрдугаар сард байгуулсан ба түүнд 195 улс нэгдсэн юм. Хэлэлцээрийн нөхцөлийн дагуу оролцогч улсууд нь жилийн дундаж температурын өсөлтийг тогтоон барихын тулд ойрын арван жилүүдэд нүүрс хүчлийн хий ялгаруулахаа сайн дураар багасгах үүрэг хүлээсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top