АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн “Truth” сошиал хаяг дээрээ Сансрын хүчний дараагийн үеийн шинэ дүрэмт хувцасны загварыг танилцууллаа. Нацистын дүрэмт хувцсыг санагдуулам “AI” зураг тэр даруйдаа олны шүүмжлэлийг дагуулж байна. Тэрээр үүнийг 1997 онд дэлгэцнээ гарсан “Оддын дайчид” киноноос санаа авсан хэмээж буй ч дүрслэмж нь нацист хэв маягийг санагдуулам байгаа юм. Гайхалтай нь “Оддын дайчид” киноны найруулагч Пол Верховен киноны хувцсыг нацистын германаас бүрэн хуулж, “фашист утопи”-ийг шүүмжилсэн өнгө аястай бүтээл гэж 2022 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп анхны бүрэн эрхийнхээ үеэр 2019 онд АНУ-ын Зэвсэгт хүчинд Сансрын хүчин байгуулж буйгаа албан ёсоор зарласан. Сансрын хүчний одоогийн дүрэмт хувцас нь орчин үеийн цэргийн дүрэмт хувцасны шинжийг агуулсан том хэмжээтэй, урдаа зургаан товч ташуу товчлогддог загвартай юм. Энэ нь АНУ-ын зэвсэгт хүчний зургаа дахь командлал гэдгийг бэлгэддэг. Доналд Трамп хоёр дахиа Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан Сансрын хүчний дүрэмт хувцсыг өөрчлөх шаардлагатай гэж үзэн, 2025 оноос эхлэн дүрэмт хувцсыг шинэчилж буйгаа зарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )