Трампын хүү Оросын олигархтай Монгол Улсад ан хийжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ууган хүү Доналд Трамп Жр наймдугаар сарын сүүлээр Оросын олигарх Умар Кремлёвийн хамтаар Монгол Улсын Баян-Өлгий аймагт ан хийсэн тухай Financial Times сонин мэдээлжээ. Тус сонин аяллын нөхцөл, гэрээ, хугацаа, нөхцөл зэргийг судалж энэ мэдээллийг тогтоосон байна.

Тэд наймдугаар сарын сүүлээр Казахстанаар дамжин чартер нислэгээр Монгол Улс руу нисжээ. Улмаар тэд Монгол Улсын Баян-Өлгий аймагт очин ан ав хийжээ. Тэдэнтэй хамт Оросын бизнесмен Артур Мартиросов аялсан байна. Аяллын хугацаа хоёр хоног байжээ. Аяллын явцад хувийн мэдээлэл задлахгүй байх үүднээс хамт зураг авахуулахгүй байх, аялсан мэдээллээ нууцлахыг даалгажээ. Тэд аргаль агнасан бөгөөд хоёр хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсаныг ч тодотгосон байна.  

Хожим нь Доналд Трамп Жр-ын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Энэ бол гайхаад байх зүйл биш. Тэд бол дотно нөхөрлөдөг найзууд. Ихэвчлэн ан хийж, загас барьдаг, байгалиар аялах дуртай тийм л найзууд” гэжээ.

Хэдий тийм боловч АНУ-ын дотоодод Ерөнхийлөгчийн гэр бүл ОХУ-ын нөлөө бүхий хүмүүстэй ойрын холбоотой байх нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах хүчин зүйл гэж шүүмжилсээр буй.

Умар Кремлёв нь Олон улсын боксын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээллийн нэг. Тэрээр “Трансстройком” компанийн харилцаа холбооны салбарт ажиллаж байсан. Стратегийн хөгжил, шинэчлэлийн төвийн ерөнхийлөгчөөр 2009-2012 онд ажилласан туршлагатай. Төрийн өмчит болон томоохон компаниудад ажиллаж, төсөл хариуцах замаар хөрөнгөтэй болсон нэгэн. Блумберг агентлагийн мэдээлснээр 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top