АНУ-ын холбооны засгийн газарт харьяалагдах Загас, зэрлэг байгалийн хороо тус улсын Ерөнхийлөгч Доналд Трампын хүүг Монгол Улсад аялж байхдаа хууль бусаар аргаль агнасан асуудлыг хянаж үзэхээр болжээ. АНУ-ын зэрлэг байгаль, биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг уг байгууллагад ирсэн мэдээллийг үндэслэн уг хяналт шалгалтыг хийхээр болсон байна.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ талаар "Аливаа зөвшөөрлийн квот нь гараад тусгай зөвшөөрөөл авсан ан хийдэг компаниуд хууль дүрмээ хэрэгжүүлдэг. Хууль бус зүйл байхгүй" гэж ярьж байсан юм.
Анх энэ тухай ProPublica хараат бус цахим хуудас мэдээлсэн нь олон нийтийн анхааралд өртсөн билээ.
Ерөнхийлөгч Доналд Трампын хүү манай улсын нутагт хууль бусаар аргаль агнасан гэх хэрэг дараах учир шалтгаантай.
Нэгдүгээрт, Аргаль агнах зөвшөөрлийг хэрхэн яаж авсан нь тодорхойгүй. Уг нь Доналд Трамп Жр-н хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ бүх зүйл хуулийн дагуу гэж мэдээлсэн. Түүний хэлж буйгаар Трамп Жр эцэг буюу Доналд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болохоос жилийн өмнө 2015 онд АНУ-ын Галт зэвсгийн хорооноос зарласан дуудлагаар худалдаагаар авсан гэжээ. Гэвч одоогоор энэ тухай ямар ч мэдээлэл тодорхой болоогүй байна.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн хүү АНУ-ын холбогдох хоёр ч хуулийг зөрчсөн байж болзошгүй. АНУ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах төвөөс тавьсан шаардлагад түүнийг 1900 онд батлагдсан “Лейсигийн хууль”, 1975 онд батлагдсан “Нэн ховор амьтны төрөл зүйлийн тухай” хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
1900 онд батлагдсан “Лейсигийн хууль” нь АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна харь улсын нутагт агнасан амьтны эд, эрхтнийг импортлох нь хууль бус бөгөөд хоёр жил хүртэл хугацаагаар шоронд хорих шийтгэлтэй аж.
Харин 1975 онд батлагдсан “Нэн ховор амьтны төрөл зүйлийн тухай” хуулиар устаж болзошгүй ангилалд хамаарах нэн ховор амьтныг зөвшөөрөлгүй агнавал зэрлэг байгаль, биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын гэрээ конвенцын дагуу шийдвэрлэнэ гэж заажээ.
Гуравдугаарт, Аргаль агнах эсэх асуудал хууль ёсных байсан уу? АНУ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах төвийн шаардлагад Трамп.Жр болон түүнийг дагалдан явсан хүмүүс аргаль агнах зөвшөөрөл авсан эсэх, энэ асуудлаар Америк болон Монголын холбогдох байгууллагын хооронд яриа хэлэлцээ явсан эсэхийг тодруулахыг тусгажээ. Уг шаардлагаа тэд АНУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.
Дөрөвдүгээрт, Зөвшөөрөл авахдаа татвар төлөгчдийн мөнгийг ашигласан уу? АНУ-ны иргэний ёс зүй, сахилга хариуцлагын хараат бус төвөөс аргаль агнах зөвшөөрөл авсан бол уг зөвшөөрлийг ямар эх үүсвэрээр авсан мэдээллийг ил тод болгохыг шаардаж буй. Хэрэв АНУ болон Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгөтэй холбоотой асуудал бол энэ бол АНУ-ын иргэний хувьд зохист бус үйлдэл гэж үзэж байгаа юм.
Тавдугаарт, Аяллын зардлыг хэн санхүүжүүлсэн. Хэдийгээр Доналд Трамп.Жр болон хэвлэлийн төлөөлөгч нь аяллын зөвшөөрөл болон холбогдох зардлыг хувиасаа гаргасан гэж байгаа ч хараат бус олон нийтийн байгууллагууд аяллын санхүүжилтийг ил болгохыг шаардсаар байгаа. Хэрэв Бүгд найрамдах намын болон аль нэг гуравдагч этгээдийн санхүүжилт байгаа бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
ami taslah buruu argaliin haraal hureerei