Европын “Mediterranean Shipping Company” компани цэнхэр халимыг аврахын тулд Шри Ланкийн эрэг орчмоор дайран өнгөрдөг усан хөлгүүдийн чиглэлийг сайн дураар өөрчлөхөөр болжээ.
Францын мэдээллийн “AFP” агентлагийн мэдээлснээр, Амьтан хамгаалах олон улсын сан энэхүү мэдэгдлийг сайшаан хүлээн авчээ. Шри Ланкийн нэрт экологич Жагат Гунавардена тус компанийн энэхүү шийдвэр Шри Ланкийн эрх баригчид загасчид болон далай тэнгисийн амьтан, ургамлыг хамгаалах чадваргүйг харуулж байна гэснийг тус агентлаг дурджээ. Тэрбээр “Олон улсын усан тээврийн компани амьтдыг хамгаалах санаачилгыг өөртөө авч буйг хараад эрх баригчид ичих ёстой” гэжээ.
Шри Ланкийн өмнөд эрэг орчимд мөхөх аюулд орсон цэнхэр халим олон тоогоор амьдардаг байна. Тус улсын усан хил нь олон улсын усан тээврийн хамгийн ачаалалтай чиглэлүүдийн нэг юм. Шри Ланкийн байгаль хамгаалагчдын мэдээллээр, сүүлийн арван жилд гэхэд тээврийн хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас хэдэн арван цэнхэр халим үхжээ. Түүнчлэн, загасчдын завь асар том тээврийн усан онгоцтой мөргөлдөх, загасчид амиа алдах тохиолдлууд ч гардаг байна.
Гучин м урт, 150 тонн жин татдаг цэнхэр халим нь дэлхийн хамгийн том амьтанд тооцогддог.
Сэтгэгдэл ( 0 )