Румын улсын Вылсан голд хамгийн эртний бөгөөд нэн ховор загасыг илрүүлжээ. Аспрет буюу румын дартер нь дэлхий дээр 65 сая амьдарч байгаа ч дөнгөж 1956 онд ангилж байжээ. Түүнээс хойш энэ төрлийн загас мөхлийн ирмэгт байсан гэнэ.
Албан ёсны мэдээллээр, аспретын тоо толгой дөнгөж 10-15 үлдээд байгаа бөгөөд уулын Вылсан голын нэг км хэсэгт нутагладаг байна. 2000-аад оны эхээр нийт 200 орчим аспрет загас тоологдож байжээ.
Өнгөрсөн сарын сүүлээр загас судлаач Андрей Тогор тэргүүтэй судлаачид тус горхиноос эл нэн ховордсон 12 загас илрүүлсэн байна. “Өөрийнхөө нүдээр аспрет загасыг харна гэдэг үнэхээр гайхамшиг байлаа. Энэ бол ямар ч биологичийн хувьд шагнал юм” гэж Тогор өгүүлжээ.
Шөнийн амьдралтай эл жижиг загасыг эрдэмтэд жинхэнэ амьд олдвор гэдэг бөгөөд энэ олон сая жилийн турш амьдралын хэв маяг, төрх нь бараг өөрчлөгдөөгүй аж. Аспретыг мөхлийн ирмэгт аваачсан шалтгаан нь 1960-аад оны сүүлээр Вылсан гол дээр усан цахилгааны станц барьсантай холбоотой гэнэ. Үүнээс өмнө энэ төрлийн загас Вылсан төдийгүй Аржеше, Раул Доамней голуудад нутагладаг байжээ.
Балар эртний аспрет загас нь Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах Бернийн конвенцын бүртгэлд орсон бөгөөд тэдний амьдрах орчныг Европын хуулиар хамгаалж, Вылсан хөндийн дархан цаазат газрын бүсэд хамруулжээ.
Судлаач Тогорын хэлснээр, Вылсан голд 12 аспретыг илрүүлсэн нь найдвар төрүүлж байна. Амьд олдвор болсон аспрет нь хувьслын амьд гэрч юм. Тэд дэлхий дээр 65 сая жилийн турш амьдарч ирсэн. Хүмүүс тэднийг 50-хан жилийн дотор устгаж үгүй хийх нь шударга бус гэж Тогор онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )