Төрөл зүйлээ мөхөхөөс аварсан яст мэлхий эрх чөлөөтэй болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

 

Галапагосын арлын нэг зуун настай заан яст мэлхий төрөл зүйлээ мөхлөөс аврах үүргээ гүйцэтгэж, эрх чөлөөтэй болжээ. Эквадорын байгаль орчны сайд Пауло Проаньо Андрадегийн мэдээлснээр, Диего хочтой эрэгчин яст мэлхий 30 жилийг АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнд өнгөрүүлжээ. Мөхлийн ирмэгт тулаад байсан Галапагосын яст мэлхийг аврахын тулд Диегог Галапагосын арлуудад буцаан тавьсан бөгөөд хүний хараа хяналтад байж, төрөл зүйлээ өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэжээ. Диеготой хамт 15 заан яст мэлхий Галапагосын төрөлх Эспаньола арал руу буцан иржээ. АНУ-ын амьтны хүрээлэнгээс 1977 ирсэн Диего Галапагосын Санта Крус арал дээр амьдарч байсан аж.

Эквадорын “Universo” сонинд бичсэнээр, Диего Галапагосын арлуудын ховор ан амьтныг хамгаалж үлдэх бэлэг тэмдэг болсон. Тэр 800 яст мэлхийн эцэг гэнэ.

Галапагосын арлууд Номхон далайд оршдог. Эдгээр арлын бүсэд ан амьтны ховор төрөл зүйлүүд амьдардаг байна. 1978 онд ЮНЕСКО Галапагосын арлуудыг Дэлхийн өвд бүртгэж, 1985 онд Дэлхийн шим мандлын дархан газрын сүлжээнд оруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top