Галапагосын арлуудын алдарт Дарвины нуман хаалга нуржээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Галапагосын арлууд дээр байрладаг байгалийн өвөрмөц тогтоц болох Дарвины нуман хаалга элэгдэн, нурж унажээ.

Эквадорын Байгаль орчны яамны мэдээлснээр, Дарвины арк буюу нуман хаалга  энэ сарын 17-нд нуржээ. Эл байгалийн үзэсгэлэнт тогтоц Галапагосын арлуудын хамгийн хойд хэсэг болох Дарвины арлаас нэг хүрэхгүй км зайд оршдог байна. Энэ сарын 17-ны өглөө байгалийн үйл явцыг “Pikaia” усан онгоцны баг харжээ.

Нуман хаалганы хэлбэртэй байсан тогтцоос өдгөө хоёр багана үлдсэн байна.

Дарвины нуман хаалга нь Галапагосын арлуудын бэлгэ тэмдэг юм. Энэ газар дайвинг хийх, аварга загасны сүрэг болон далайн бусад амьтдыг ажиглахад дэлхий дээрх хамгийн төгс газар гэж тооцогддог байна. Номхон далайд оршдог Галапагосын арлууд нь аварга том яст мэлхий, игуана гүрвэл зэрэг ховор төрлийн амьтад амьдардаг. Галапагосын яст мэлхийнүүдийг ажигласнаар Чарлз Дарвин хувьслын онолоо хөгжүүлэхэд нь тулах цэг нь болсон гэж эрдэмтэд үздэг байна. 1978 онд ЮНЕСКО Галапагосын арлуудыг Дэлхийн өвд бүртгэж, 1985 онд Дэлхийн шим мандлын нөөц газраар бүртгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top