БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗАР: Хөгнө хаан уул

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын нутагт орших далайн төвшнөөс дээш 1962 метр өндөр уул юм. Ой тайга, тал хээрийн ургамал бүхий 2-3 бүс нэг дор байдгаараа онцлог. Тарнын яргай хэмээх ховор ургамал ургадаг. Хангай Хэнтийн хушин ойгоос 200 гаруй километр алслагдсан хирнээ уулын ар хормойгоор шинэс, хус, хушин ой ургадгаараа онцлог. Мөн яргай, яшил, буйлс, гүйлс, балгана, тавилгана, харгана гэх мэт бут сөөг элбэг ургадаг. Хөгнө хаан ууланд рашааны, хийдийн, худгийн, бяцхан булгийн, цэцэрлэгийн, ханхарын, самарт, баялаг гээд үзэсгэлэнт сайхан амууд бий.

Хөгнө хаан ууланд өвгөн, залуу хийдийн туурь, мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн зүүн хажууд боржин чулуун хоёр хөшөө, Маанийн хадны маань үсэг, Ташуугийн өвөлжөө хэмээх газарт олон тооны булш бий. Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс шүтэн хамгаалж ирсэн бөгөөд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо хэмээх тахилга үйлддэг газруудтай. Түүхийн эдгээр дурсгалуудаас гадна усан болор, утаат болор, хар цагаан гялтгануур гэх мэт ашигт малтмалуудтай. 1997 онд Хөгнө хаан уулын 470 хавтгай дөрвөлжин километр газрыг Байгалийн нөөц газар болгосныг 2003 онд өргөжүүлж 844 хавтгай дөрвөлжин километр болгожээ. 

Хөгнөхаан уул нь хад асга, ой шугуй гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн уул учраас Монголын түүхэн кино болох “Мандухай сэцэн хатан” киноны зураг авалтыг энд зохион байгуулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top