АНУ сансарт зэвсэг байрлуулснаа хүлээн зөвшөөрөв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АНУ-ын нисэх хүчний сайд Трой Мейнк Агаар, сансар, кибер дайны асуудлаарх бага хуралд үг хэлэхдээ АНУ дэлхийн тойрог замд давшилтат зэвсэг байрлуулсан гэж мэдэгджээ. Ингэснээр АНУ хувьсан өөрчлөгдөж буй аюул заналхийллээс зэвсэгт хүчнээ хамгаалах боломжтой болсон гэж тэр онцолсон байна. Мейнк тус зэвсгийн хүчин чадал болон хэзээ байрлуулсан тухай дурдаагүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа АНУ-ын нутаг дэвсгэрийг хамгаалах “Golden Dome” систем нь сансрын орон зайг хамруулна хэмээн мэдэгдэж байсан билээ. 2019 онд АНУ шинэ хэлбэрийн зэвсэгт хүчин болох Сансрын хүчнийг байгуулсан бол өнгөрсөн онд Доналд Трамп АНУ-ын сансрын хүчин зөвхөн батлан хамгаалах төдийгүй давших даалгаврыг гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн юм.

1967 онд тухайн үеийн ЗХУ, АНУ сансарт үй олноор устгах зэвсэг байрлуулахыг хориглох тухай гэрээ байгуулж байсан. Эл гэрээ нь энгийн зэвсэглэлд үйлчилдэггүй байна. Сүүлийн жилүүдэд ОХУ, БНХАУ, АНУ нь харилцаа холбоо, тагнуулын зориулалттай хиймэл дагуулыг устгахад чиглэсэн зэвсэг, систем хөгжүүлсээр иржээ.

ОХУ Украинд халдсанаас хойш Оросын хоёр хиймэл дагуул Европын дор хаяж 12 хиймэл дагуулын дохиог өндөр нарийвчлалтай барьж авч байсан нь өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн билээ. ОХУ бусад хиймэл дагуулыг устгах чадвартай хиймэл дагуул хөөргөсөн тухай АНУ 2024 онд мэдэгдэж байсан юм. Оросын тал энэ мэдээлэлд тайлбар хийгээгүй.

АНУ-ын сансрын хүчний мэдээллээр, БНХАУ мөн батлан хамгаалах салбарын шинэчлэлийн стратегийн хүрээнд сансрын хүчин чадлаа хөгжүүлэхээр ажиллаж байгаа бол ОХУ ирээдүйд гарч болзошгүй мөргөлдөөнийг шийдвэрлэх хүчин зүйлс нь сансар дахь ноёрхол хэмээн үзэж байна гэж ВВС агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top