- Вашингтон олон улсын аюулгүй байдалд заналхийлэв үү -
АНУ-ын Үндэсний батлан хамгаалахын Сансрын бүтэц нь зэвсгийн системтэй шууд харилцах боломжтой, тойрог замд байрлах олон зуун хиймэл дагуулаас бүрдэх аж. Энэ тухай АНУ-ын Сансрын хөгжлийн агентлагийн захирал Дерек Торнир мэдэгдлээ. Түүний хэлснээр ийм дэд бүтэц нь хөдөлгөөнтэй байг, түүний дотор хэт авианы пуужинг илрүүлж, устгах аж. Гэхдээ шинжээчид ийм систем нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх болно гэдэгт эргэлзэж байна. Үүний зэрэгцээ шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын сансрын орон зайд өсөн нэмэгдэж буй амбиц нь дэлхийн аюулгүй байдлын тогтолцоонд заналхийлэл учруулж байгаа аж. Ялангуяа Вашингтон зэвсгийг хянах олон гэрээнээс гарч байгаа энэ үед дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна гэв.
АНУ-ын үндэсний батлан хамгаалахын сансрын бүтцийн“тээвэрлэх давхарга нь зэвсгийн системтэй шууд холбоотой олон зуун тойрог замын хиймэл дагуулаас бүрдэнэ хэмээн дээр дурдсан. Энэ талаар Сансрын хөгжлийн агентлагийн захирал Дерек Торнир “Энэ давхарга нь зэвсгийн системтэй тактикийн мэдээллийн сувгаар шууд холбогддог. Мөн өөр төрлийн ажлуудыг гүйцэтгэж чадах бусад мэдрэгч давхаргаас мэдээлэл авдаг” гэжээ. Түүний хэлснээр бий болгосон бүтэц нь мөрдөн тагнах, хамгаалах, хадгалах, навигаци, цэргийн ажиллагааг удирдах, дэмжлэгээр хангах гэсэн зургаан нэмэлт түвшнийг багтаана. Үүний зэрэгцээ энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ үндсэн хоёр ажилд анхаарлаа хандуулж байна. Нэгдүгээрт, шууд харагдах хязгаараас гаднах байг устгах. АНУ-ын Сансрын хөгжлийн агентлагийн захирал Дерек Торнирын хэлснээр агентлаг газар болон тэнгис рүү чиглэсэн байг хайж олох, таних, өгөгдлийг нэгтгэх, галын хяналтын шийдлийг бий болгох, тэрчлэн сансраас шууд зэвсгийн систем рүү дамжуулах зорилготой аж. Тэрбээр мөн “Link-16” зэрэг цэргийн мэдээлэл солилцох сүлжээг “өгөгдөл дамжуулах тактикийн суваг” болгон ашиглах гэнэ. Агентлагийн даргын хэлснээр хоёр дахь ажил нь “эхнийхтэй төстэй” боловч хамгийн сүүлийн үеийн пуужингийн систем, ялангуяа хэт авианы төхөөрөмж болон бусад пуужинтай холбоотой аюул заналхийлэлд чиглэгдсэн байна. Торнир “Бид тэдгээрийг илрүүлж, галын хяналтын чиглэлийг боловсруулж, зэвсгийн системд шууд илгээх боломжтой байхыг хүсэж байна. Ингэснээр бид байгаа алсаас цохиж эхлэх боломжтой болно” гэжээ. Тэрбээр мөн “тээврийн давхаргаас” TITAN (Tactical Intelligence Targeting Access Node) руу мэдээлэл дамжуулах болно гэж нэмж хэлсэн байна. TITAN систем нь дохиогоор эсвэл өөр ямар нэгэн аргаар мэдээллийг шууд фронтын шугамд дамжуулах болно гэж Торнер хэлжээ.
САНСРЫН АМБИЦУУД
Сануулахад, Сансрын хөгжлийн агентлаг нь өнгөрсөн хавар АНУ-ын Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүнд байгуулагдсан юм. Пентагоны тэмдэглэснээр энэхүү бүтэц нь “ирээдүйн сансрын архитектурыг” бий болгохын тулд батлан хамгаалах яам, засгийн газрын байгууллагуудын хүчин чармайлтыг нэгтгэхээс гадна “АНУ-ын технологи ба цэргийн давуу талыг хангахад шаардлагатай” цэрэг-сансар судлалын шинэ чадварыг нэвтрүүлэх ажлыг хурдасгах зорилготой аж. АНУ-ын сансрын хөгжлийн агентлагийн даргын албан тушаалд Фред Кеннеди томилогдсон боловч дөрвөн сарын дараа тэрбээр огцорчээ. Америкийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн үед түүний ажлаасаа гарсан шалтгааныг АНУ-ын Агаарын цэргийн хүчний удирдлагын зүгээс шинэ агентлагийн үйл ажиллагааг тууштай шүүмжилж байгаатай холбон тайлбарласан байна. 2019 оны хоёрдугаар сард Сансрын хөгжлийн агентлаг албан ёсоор байгуулагдахаас өмнө АНУ-ын Агаарын цэргийн хүчний дарга Хизер Уилсон тус агентлагийг зорилгоо Агаарын хүчнээс илүү үр дүнтэй биелүүлнэ гэдэгт эргэлзэж байв.
2019 оны аравдугаар сарын сүүлчээр Сансрын хөгжлийн агентлагийг Дерек Торнир удирдаж эхэлжээ. Энэ агентлаг байгуулагдсанаас хэдхэн сарын дараа буюу өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Пентагоны төсөвт гарын үсэг зурах ёслол дээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сансрын хүчин байгуулахаа албан ёсоор мэдэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй юм. Холбогдох санамж бичигт хоёрдугаар сард гарын үсэг зурсан. Уг баримт бичигт АНУ нь “манлайллыг хадгалахын тулд өрсөлдөгчдөөсөө түрүүлж” байхын тулд “сансарт гаднын дайснуудын аюул заналхийлэлтэй тулгарах ёстой” гэжээ. Тухайн үед Цагаан ордны тэргүүн түүний засаг захиргаа сансрыг цэргийн үйл ажиллагааны театр гэж үздэг гэж хэлсэн байна. Америкийн удирдагчийн хэлснээр сансрын хүчнийг байгуулах нь үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм.
Пентагоны тэмдэглэснээр Сансрын хүчний 2021 оны төсөвт ойролцоогоор 15.4 тэрбум ам.доллар төсөвлөсөн бөгөөд энэ санхүүжилт нь шинэ үеийн OPIR хиймэл дагуулын хөтөлбөрийг болон хоёр GPS хиймэл дагуул, “үндэсний аюулгүй байдлын үүднээс гурван нэмэлт хөөргөлтийг” санхүүжүүлэхэд зориулагдсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цэргийн төсөвт гарын үсэг зурах ёслолын үеэр Сансрын хүчин байгуулснаа зарлаж, уг хүчнийг АНУ-ын цэргийн нисэх хүчний генерал Жон Рэймонд удирдана гэж мэдэгдэж байсан юм. Сансрын хүчин эхний ээлжид 200 алба хаагчаас бүрдэнэ.
БНХАУ, ОХУ зэрэг хүчирхэг орны дунд сансар судлалын салбар дахь өрсөлдөөн эрчимжиж байгаа энэ үед АНУ сансар судлалын салбарт оролцоо нь хангалтгүй байна гэж үзжээ. Цаашид энэ салбарт АНУ давамгайлах шаардлагатай гэж Доналд Трамп мэдэгдсэн билээ.
ҮР ДҮНТЭЙ БАЙХ БАТАЛГААГҮЙ
Тэгвэл Оросын цэргийн шинжээч Алексей Леонковын үзэж буйгаар Дерек Торнерын танилцуулсан АНУ-ын үндэсний батлан хамгаалахын сансрын бүтцийг бий болгох төлөвлөгөө нь “олон хиймэл дагуулаас бүрдэх олон давхар бүтэцтэй” гэсэн үг аж. Тэрбээр “Эдгээр нь жижиг хиймэл дагуулууд бөгөөд тойрог замд 350-550 км-ийн өндөрт нягт сууна. Мөн эдгээр давхарга бүр өөрийн гэсэн зорилготой болно. Ялангуяа зарим нь хиймэл дагуул илрүүлэх ажлыг хариуцаж, бусад нь мэдээллийг дамжуулах үүрэгтэй” гэжээ. Түүний хэлснээр Пентагон “дэлхийн өнцөг булан бүрд мэдрэхүйн талбар бий болгохын тулд янз бүрийн хиймэл дагуул бүтээхийг хичээдэг” аж. Шинжээч “АНУ дараа нь баллистик пуужин, хэт авианы систем зэрэг объектуудын хөдөлгөөнийг тооцоолж, хүлээн авсан өгөгдлийг пуужингийн довтолгооноос хамгаалах системд шилжүүлэх боломжтой болно” гэжээ.
Үүнээс гадна ийм ойлголт нь зөвхөн цаасан дээр төгс харагдаж байгаа гэнэ. АНУ-ын эдгээр төлөвлөгөөний хэрэгжилт эргэлзээ төрүүлж буй олон хүчин зүйл бий. Нэмж дурдахад, Леонковын хэлснээр дайсны хэт авианы объектыг устгахын тулд АНУ-ын хувьд хэт авианы зэвсэгтэй байх ёстой.
АЮУЛГҮЙ БАЙДАЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ
Шинжээчдийн үзэж байгаагаар Пентагоны идэвхтэй явуулж байгаа сансрын цэрэгжилт нь эцэстээ дэлхийн стратегийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. АНУ-ын сансрын үйл ажиллагаа нь пуужингийн болон агаарын довтолгооноос хамгаалах системгүй орнуудад онцгой аюултай юм. Шинжээчид “Энэ тохиолдолд асуудлын гол нь зорилтот чиглэл юм. АНУ одоо дэлхийн хурдан цохилтын стратегийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сансар огторгуй цэргийн үйл ажиллагааны талбар болж байна. Ажиллагааны үүрэг нь устгах шаардлагатай объектуудын тухай мэдээлэл, эдгээр объект хаана байрладаг талаар тодорхой өгөгдөл дамжуулдаг” гэжээ. Ийнхүү АНУ-ын сансар дахь өсөн нэмэгдэж буй амбиц нь тус улс хэд хэдэн гэрээнээс гарснаар илүү болгоомжлол дагуулж байгаа юм.
Сануулахад, АНУ 2019 оны наймдугаар сарын эхээр Дунд болон богино зайн пуужинг устгах тухай гэрээнээс гарсан. Мөн 2020 оны тавдугаар сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 1992 онд байгуулсан “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарч байгааг зарласан билээ. Энэ шийдвэр зургаан сарын дараа хүчин төгөлдөр болох ёстой юм. Вашингтоны үзэж буйгаар уг гэрээ нь АНУ болон түүний Европ дахь холбоотнуудад Оросын цэргийн ажиллагааг хянах боломж олгодог. Тус гэрээнээс гарсан тохиолдолд НАТО хуваагдахад хүрч болзошгүй. Нээлттэй тэнгэрийн тухай гэрээг 1992 оны гуравдугаар сарын 24-нд Хельсинки хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 23 гишүүн орон байгуулсан түүхтэй. ОХУ энэхүү баримт бичгийг 2001 оны гуравдугаар сард соёрхон баталжээ. Гэрээнд оролцогч талууд цэргийн үйл ажиллагааг хянах зорилгоор нэг нэгнийхээ газар нутаг дээгүүр хяналтын нислэг үйлдэх эрхтэй байдаг.
“Нээлттэй тэнгэр” гэрээний баримт бичгийг боловсруулахад ОХУ идэвхтэй оролцсон бөгөөд одоогийн байдлаар гэрээнд 34 улс нэгджээ. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэнэ гэж гэрээнд заасан бөгөөд 2017 онд АНУ-ын эрх баригчид Оросын ажиглалтын нислэгт хязгаарлалт тавьсан билээ. Москва адилхан хариу арга хэмжээ авсан байдаг. АНУ энэхүү гэрээнээс гарч байгаа нь ОХУ гэрээг дагаж мөрдөхгүй байгаатай холбоотой гэж Доналд Трамп хэлжээ. Мөн энэ нь шинэ гэрээ байгуулах сайхан боломж гэсэн байна. Гэхдээ ОХУ гэрээг бүрэн дагаж мөрдвөл АНУ шийдвэрээ эргэн харна гэжээ.
Шинжээчид зэвсгийн хяналтын систем нуран унаж, АНУ сансарт боломжоо нэмэгдүүлж байгаа нь огторгуйн орон зайд зэвсэглэлийн өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзжээ. Энэ нь олон улсын аюулгүй байдлын тогтолцоонд маш сөргөөр нөлөөлөх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Yoo tom tom yum yarij bhaar ehleed dotoodoo tsegtseleesei dee corona jagsaal 2 ni heterlee gamshig