Украины хямралыг шийдвэрлэх хүрээнд хэлэлцсэн гол сэдвүүдийн нэг нь газар нутгийн асуудал байлаа гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгджээ. Кремльд болсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нарын хооронд болсон яриа хэлэлцээ дөрвөн цаг гаруй үргэлжилсэн байна.
Ушаковын онцолсноор, талууд газар нутгийн тодорхой асуудлуудыг хэлэлцсэн байна. Одоогоор энэ асуудал дээр нэгдсэн шийдэлд хүрээгүй болохыг тэрбээр тодруулжээ. АНУ-ын зүгээс тавьсан зарим саналуудыг Оросын талаас хүлээн авах боломжгүй байсан бөгөөд цаашид хэлэлцэхээр болжээ. АНУ-ын засаг захиргаанаас нэмж дөрвөн баримт бичгийн төслийг танилцуулсныг Кремлийн төлөөлөгч дурдаад агуулгыг нь тодруулсангүй. Эдгээр нь Украины хямралыг урт хугацаанд шийдвэрлэх агуулгатай аж. Талууд хэлэлцээний агуулгыг хаалттай үлдээхээр тохиролцсоныг Ушаков онцолжээ. Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг мөн хөнджээ.
Уиткофф, Кушнер нар лхагва гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй уулзаж, яриа хэлэлцээний үр дүнгийн талаар танилцуулна гэж Axios эх сурвалж дурдан мэдээлжээ


Сэтгэгдэл ( 0 )