Уур амьсгалын өөрчлөлт: Хөгжингүй орнууд жилд 5 их наяд ам.долларын санхүүжилт босгох боломжтой

Админ | Zindaa.mn
2024 оны 09 сарын 27

Хөгжингүй орнууд малтмал түлшний гэнэтийн ашгийн татвар, тэрбумтнуудад эд хөрөнгийн татвар ногдуулах, үр ашиггүй татаасыг зогсоох замаар ядуу буурай орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шаардлагатай санхүүжилтийн хэмжээнээс тав дахин илүү их мөнгө босгох боломжтой болохыг судалгаа харуулжээ.

Хөгжиж буй орнуудад хүлэмжийн хийг бууруулах, байгалийн гамшигт үзэгдлийн үр дагаврыг арилгахын тулд жил бүр дор хаяж нэг их наяд ам.доллар шаардлагатай байна. Гэтэл хөгжингүй орнууд Дэлхийн банк болон ижил төстэй байгууллагуудаас бага хүүтэй зээл зэрэг зорилтот санхүүжилтээс хамаагүй багыг санал болгож байна. Ямартаа ч эдгээр улс зорчиг болон ачаа тээврийн компаниудад татвар ногдуулах замаар санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг судалж байна. “Их 20” бүлгийг даргалж буй Бразил улс тэрбумтнуудаас ойролцоогоор 2 хувийн эд хөрөнгийн татвар авахаар төлөвлөж байна.

Хөгжингүй улсууд эд хөрөнгийн татвар, аж ахуйн нэгжийн татвар ногдуулах, малтмал түлшний тал дээр хатуу арга хэмжээ авах замаар жил бүр 5 их наяд ам.доллар олох боломжтой гэж "Oil Change International" байгууллагаас явуулсан судалгаа харуулжээ. Тэрбумтнуудын эд хөрөнгийн татвараас дэлхийн хэмжээнд нийт 483 тэрбум ам.долларын орлого татан төвлөрүүлэх боломжтой бол санхүүгийн гүйлгээний татвараас 327 тэрбум ам.доллар олох боломжтой. Түүнчлэн, томоохон технологи, зэвсэг, тансаг зэрэглэлийн хувцасны борлуулалтын орлогын татвараас 112 тэрбум ам.доллар, батлан хамгаалах салбарын зардлыг 20 хувиар танах замаар 454 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг төвлөрүүлэх боломжтой. "Өнгөрсөн жил дэлхийн улс орнууд малтмал түлшнээс татгалзах тохиролцоонд хүрсэн. Одоо баян орнууд энэ тохиролцоог хэрэгжүүлэхийн тулд мөнгө гаргах цаг нь болсон" гэж “Oil Change International” судалгааны байгууллагын төрийн санхүүжилтийн албаны дарга Рори ван дер Бург хэлэв. 11-р сард Азербайжанд болох НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний COP29 уулзалтын хэлэлцэх гол сэдэв бол санхүүжилтийн асуудал байх бөгөөд Парисын хэлэлцээрийн дагуу " хамтын шинэ тоон зорилт"-ыг тодорхойлно гэсэн хүлээлттэй байна.

Энэ долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар засгийн газрууд уур амьсгалын асуудалд гол анхаарлаа хандуулна. Бразилын Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва НҮБ-д өөрчлөлт хийх замаар цар уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, тэр дундаа дэлхийн хэмжээний засаглал үгүйн улмаас усны эх үүсвэрүүдийг хамгаалах тал дээр НҮБ-д илүү өндөр үүрэг хариуцлага үүрүүлэх тал дээр шахалт үзүүлэхээр төлөвлөж байна.

Х.Энхболд 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top