Энэтхэгийн “India Times” сонин “Climate Central” байгууллагаас гаргасан газрын зургийн мэдээлэл дээр үндэслэн 2030 он гэхэд усан дор орох хотуудыг нэрлэжээ.
Тус сонины мэдээллээс үзвэл, хамгийн түрүүнд гоёмсог шийдэлтэй барилга байгууламж, гүүр, шөнийн амьдралаараа алдартай Амстердам хот усан дор орох гэнэ. Нидерланд үерээс хамгаалах аргыг сайн эзэмшсэн ч дэлхийн дулаарлаас үүдэлтэй далайн усны түвшин дээшлэхэд энэ хот хамгийн түрүүнд хохирох аж.
Тус хотын дараа Персийн булан руу цутгадаг Шатт эль Араб голын эрэг дээр байрладаг Иракийн Басра боомт хотыг мөн ийм хувь заяа хүлээж байна. Тус хот намгархаг газар байрладаг тул 2020-иод оны сүүлч гэхэд хэсэгчлэн эсвэл бүхлээрээ усан дор орох эрсдэлтэй.
Уур амьсгалын өөрчлөлт хөгжиж буй, хөгжингүй бүс нутгуудад ижил нөлөөлөл үзүүлнэ гэж судлаачид онцолжээ. АНУ-ын Шинэ Орлеан хот үерээс хамгаалах далангийн хүчтэй системтэй ч ирэх арван жилийг үзэхийн тулд хотын эрх баригчид илүү ихийг хийх ёстой болоод байна.
Адриатын тэнгисийн 118 арал дээр сүндэрлэх Венец хот жилд хоёр мм-ээр усан дор орж байна. Венецийн архитектурын гайхамшгийг үзэхийг хүсэж байгаа бол ойрын үед очихыг судлаачид зөвлөж байна.
Меконг голын эрэг дээр орших Вьетнамын Хошимин хотын зүүн хэсэгт усны түвшин дээшлэхэд усанд автах аюул нүүрлэж байгаа бол 2030 он гэхэд мөн Энэтхэгийн Калькутта хот усанд автах эрсдэлтэй тулгараад байна.
Эрдэмтэд дэлхийн агаарын температурын өсөлтийг 1.5 градуст барихыг удаа дараа сануулж байна. Ингэснээр дэлхийн дулаарлын үр дагаврын хүчийг сарниулах боломжтой гэж үзэж байна. Эл зорилгод хүрэхийн тулд 2015 онд дэлхийн 190 гаруй орон Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тус баримт бичигт хатуу түлшнээс бүрэн татгалзах заалт тусгагдаагүй ч дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих арга хэмжээ авах үүрэг аваад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )