ДЭЛХИЙН ТОЙМ I Яагаад дэлхий даяар үер болж байна вэ?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 16

Энэ хавар дэлхий дахиныг үер, усны аюул нөмөрч, багагүй сандаргаад байна. Араб, Африкийн цөлд хүртэл үеэр болж, олон хүн амиа алдаж, эд материалын хохирол амссан. Үүний буруутан нь уур амьсгалын өөрчлөлт ба онцгой нөхцөл байдалд бэлэн бус засгийн газрууд. Ирээдүйд үер, усны аюул ердийн үзэгдэл болох уу? Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ, ер нь шийдэх боломжтой юу?

Нисэхэд тохиромжгүй цаг агаар

Өнгөрсөн дөрөвдүгээр сард жуулчид дэлхийн хамгийн том, ачаалал өндөр нисэх онгоцны буудлуудын нэг болох Дубайн нисэх онгоцны буудалд саатахад хүрч байлаа. Их хэмжээний борооны улмаас нисэх онгоцны буудал усанд автаж, ихэнх нислэг цуцлагдаж байв. Гэвч дөрөвдүгээр сараар асуудал дууссангүй. Тавдугаар сарын 2-нд “Emirates”, “Flydubai” компани Истанбул, Йоханнесбург, Сингапурын чиглэлийн нислэгүүдээ цуцлахаас өөр аргагүйд хүрсэн. Шалтгаан нь цаг агаарын байдал. Арабын Нэгдсэн Эмирт Улсад дөрөвдүгээр сарын дунд үед 254 мм хур тунадас орсон нь жилийн дундаж хур тунадасны хэмжээнээс хоёр дахин их байлаа.

Хуурай уур амьсгалтай Арабын хойгийн улс орнуудын хувьд үргэлжилсэн хүчтэй бороо орох нь туйлын ховор үзэгдэл. Энэхүү үзэгдлийг тайлбарлахыг оролдсон олон шалтгаан гарч ирснээс онцгой анхаарал татсан нь үүлэнд нөлөөлсөн гэх.

АНЭУ-д ийм практикийг өргөнөөр ашигладаг. Гэсэн хэдий ч цаг уурчид энэ таамгийг няцааж, уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байв.

Лондонгийн хааны коллежийн уур амьсгал судлаач Фредерике Отто тэдэнтэй санал нэг байна. Түүний хэлснээр, дэлхийн дулаарлаас үүдэн дэлхий даяар аадар бороо орох нь нэмэгджээ. АНЭУ-ын Цаг уурын үндэсний төвийн эрдэмтдийн тооцоолсноор, дэлхийн дулаарлын улмаас тус улсад орох хур тунадасны хэмжээ энэ зууны сүүл гэхэд 30 хувиар нэмэгдэнэ.

Шинжээчдийн тайлбарлаж буйгаар, тус бүс нутгийн шинэ хотуудыг элсэн дээр барьсан бөгөөд ус зайлуулах дэд бүтцийг бариагүй. Зам, харгуйг бетоноор хучсанаар ус элсэнд шингэх боломжгүй болжээ.

Гэтэл ус зайлуулах систем бүхий Нью Йорк, Порто гэх мэт өрнөдийн хуучин хотууд хүртэл их хэмжээгээр орох болсон хур тунадасны ачааллыг даахаа больжээ.

Экологийн тэнцвэрт бус байдал

Сүүлийн үед үерт ихээр нэрвэгдэх болсон бас нэг бүс нутаг бол Африк. Өнгөрсөн оны есдүгээр сард Ливийн зүүн хэсэгт болсон үерийн улмаас 11 мянга гаруй хүн амиа алдаж, 20 мянга гаруй хүн ор сураггүй алга болсон. 2023 оны сүүлээр Эль Ниньо циклоны улмаас Африкийн Сомали, Танзани, Малави, Мозамбик зэрэг улс орнууд үерт автаж байв. Африкийн энэ хэсэгт борооны хоёр улирал байдаг. Энэ жилийн борооны улирал эхлэхтэй зэрэгцэн Зүүн Африк хүчтэй аадар бороонд цутгуулж, үер болно гэсэн айдастай амьдарч байна.

Дөрөвдүгээр сараас эхэлсэн үргэлжилсэн бороо Кенид 200 гаруй хүний амийг авч одоод байна. Байгалийн гамшиг үүгээр зогссонгүй. Шинэ Хидая циклон Танзанид хүрч, үер, хөрсний гулгалтын улмаас 155 хүн амиа алдаад байна. Уганда, Руанда, Бурунди болон Малави улс мөн гамшигт өртсөн.

Африкийн хүн ам уур амьсгалын шударга бус байдлын золиос болж байна гэсэн үзэл тус тивд ихээхэн дэлгэрэхэд хүрээд байна. Тэд аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн, эрчим хүчний өндөр хэрэглээтэй хөгжингүй орнуудын буруутай үйл ажиллагааны үр дагаврыг яс, махаараа амсаж байна гэх.

Үнэхээр Африкийн улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар хүчтэй илэрч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тус тивд ургац, улмаар ашиг, орлогоо алдахад хүрчээ.

Гэвч “баян” Европыг ч уур амьсгалын өөрчлөлтийн аюул тойроогүй. Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээллээр, Европ нь дэлхий дээр хамгийн хурдацтай халж буй тив болоод байна. 2023 онд тус тивд түүхэн дэх хамгийн том түймэр, асар өндөр хохирол авчирсан үер нэгэн зэрэг болсон билээ.

Бид бүгд живэх үү?

Өдгөө Бразилаас авхуулаад экологийн сүйрэл дагуулсан шар үсний үерт автсан Оросын Оренбург хүртэл дэлхийн бараг бүх улс оронд үерийн аюул нүүрлээд байна.

Өнгөрсөн онд Энэтхэг, Филиппин, АНУ зэрэг улс орон усанд автаж байв. Энэ хавар Пакистан, Афганистанд хуурай өвлийн дараа хүчтэй үер болсон. Гэтэл хаврын улиралд эл бүс нутагт бороо орох нь туйлын ховор үзэгдэл байжээ.

Судалгаанаас үзвэл, 2022 онд дэлхийн нийт хүн амын 23 хувьд үерт өртөх өндөр аюул нүүрлэж байснаас 89 хувь нь хөгжиж буй орнуудын иргэд. Уур амьсгалын өөрчлөлт нь энэхүү үзэгдлийн гол шалтгааны нэг. Учир нь агаар мандал дахь усны эргэлтийг хурдасгаж, улмаар далайн усны түвшинг нэмэгдүүлж, их хэмжээний хур тунадас орох, далайн шуурганы хүч, давтамжийг нэмэгдүүлж, үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Үүнд хотжилтын үүрэг мөн их гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал онцолжээ. 2022 онд хотуудын хүн ам дэлхийн нийт хүн амын 57 хувийг эзэлж байв. Хотжилт нь байгаль орчинд үзүүлэх хүний нөлөөллийг нэмэгдүүлж байна. Асфальт, бетон нь усны урсалтыг сааруулж, улмаар үерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Уур амьсгалын өөрчлөлт Европт болж буй үер, түймрийн гол шалтгаан болжээ. Тус тивд агаарын температур сүүлийн 10 жилд 0,4°C градусаар нэмэгдсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс хоёр дахин их байна гэж уур амьсгалын өөрчлөлтийг судлах “Коперник” төвийн дэд захирал Саманта Бержесс анхааруулжээ. Европ нь бусад тивийг бодвол хэт халалтад илүү богино хугацаанд дасан зохицох шаардлагатай. Өмнөд туйл, Гринландтай ойр байрладаг бүс нутгууд илүү хурдан халж байгаа аж.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаашид хойд бүс нутгуудад эрт хавар болж, өмнөдийн болон экватор орчмын бүс нутагт жилийн турш цаг агаарын таатай өдрүүд цөөрнө гэж Массачусетсийн технологийн дээд сургуулийн шинжээчид үзэж байна.  

Канад, Орос зэрэг бөмбөрцгийн хойд талын улс орнуудад цаг агаарын таатай өдрүүд олшрох бол Зааны ясан эрэг улс зэрэг бөмбөрцгийн өмнөд талын улс орнуудад цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал давамгайлах гэнэ. Ийм байдлаар бөмбөрцгийн хойд болон өмнөд талууд хооронд уур амьсгалын тэгш бус байдал илэрнэ гэж Массачусетсийн технологийн дээд сургуулийн судлаачид дүгнэжээ.

Усан галавыг хэрхэн сэргийлэх вэ?

Ирээдүй судлаачдын ярьснаар, хүн төрөлхтөн үер, усны аюултай эрт үеэс нүүр тулж байгаа. Тиймээс байгалийн гамшгаас сэргийлэх, үр дагаврыг нь багасгах тал дээр янз бүрийн арга хэмжээ авсаар ирсэн.

Нэгдүгээр дүрэм бол усанд автдаг бүсэд суурьшихгүй байх. Хоёрдугаар дүрэм: хамгаалалтын далан барьж, байгуулах явдал.

Нэгэн цагт Нидерландын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг үер, усанд автдаг газар байжээ. Харин далангуудыг барьснаар энэхүү эрсдэлээс бүрэн сэргийлж чадсан байна.

Үерийн эрсдэлтэй тэмцэхэд хиймэл дагуулын технологи мөн тусалдаг. Сансараас авсан гэрэл зургуудыг ашиглан усны түвшинг нэмэгдэж болзошгүй газруудыг тодорхойлох боломжтой аж.

Геоинженеринг буюу терраформингийг ашиглан амьдрах боломжгүй газруудыг үржил шимтэй бүс нутаг болгон хувиргах практик дэлхий даяар ихээхэн дэлгэрч байна. Тухайлбал, цөл байсан Израилын газар нутаг өдгөө хөдөө аж ахуйн бүс нутаг болоод байна. Хятад улс газар нутгаа усжуулах туршилтуудыг идэвхтэй явуулж байгаа бол үүлэнд нөлөөлөх технологийг идэвхтэй ашиглаж буй Арабын хойгийн элсэн манхан, цөл нутгууд бидний нүдэн дээр ногоорч байна.

Тиймээс хүн төрөлхтөнд газар нутгаа “цөл” гэсэн статусаас хамгаалж, амьдрахад таатай орчин бүрдүүлэх олон боломж бий.

Үерийн эрсдэл өндөр Хятад улсын ландшафтын инженер Ю Конжян байгалийн гамшигтай тэмцэх нэгэн санаа гаргажээ. Тэрбээр “порлонон” хотын үзэн баримтлалыг боловсруулсан байна. Энэ дагуу бетонон байгууламжийг бодвол ус шингээж, зайлуулахад илүү тохиромжтой байгалийн ландшафтыг бүтээх юм.

Үүнийг тэр “Боксын тулаанд байгалийг ялах гэж хичээх хэрэггүй. Үүний оронд байгалийн процессыг сөрөх бус, дагах хэрэгтэй” хэмээн зөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top