Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудтай хамтран УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөртэй холбогдуулан болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий нийт 13 аймгийн 62 сумын нутагт томоохон гол, мөрний сав газарт 96 сонгуулийн санал авах хэсгийн хороо байршиж байгаа юм.
Тиймээс дээрх байршлуудад санал өгөх иргэдийг шаардлагатай тохиолдолд гол мөрнөөр гаргах, аюулгүй байдлыг хангахаар 13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр Онцгой байдлын байгууллагын 421 алба хаагч, 115 автомашин, 51 завь, 339 хантаазтай үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл бэлэн байдлыг хангаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Тухайлбал, Хэнтий аймаг Дадал сумын иргэд усанд боогдож, нийт 234 сонгогч санал өгөх боломжгүй байдал үүссэн. Улмаар СЕХ-нд мэдэгдэж, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад болон аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287-р ангиас өнөө өглөөний байдлаар нийт долоон завь, 37 алба хаагч иргэдийг гол гаргаж ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )