Балбын үер: УЦС-ын хонгилуудад гацсан олон зуун хүнийг аврахаар цаг хугацаатай уралдаж байна

Я.Болор | Zindaa.mn
13 минутын өмнө

Балбад болсон гэнэтийн үерийн улмаас усан цахилгаан станцуудын ажилчид хонгил болон газар доорх байгууламжуудад гацаад байна гэж  Guardian хэвлэлд мэдээлжээ.

Одоогийн байдлаар, усан цахилгаан станцуудын нийт 930 гаруй ажилчин ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Тэдний 500 орчим нь УЦС-ын хонгил, газар доорх байгуламжуудад байж магадгүй гэж үзэж байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд орон нутгийн газрын онцлог, усны түвшин болон цаг агаарын таагүй нөхцөл хүндрүүлж байна. Байгалийн гамшгийн улмаас тус улсад 40 гаруй гүүр нурсан тул аврагчид усан цахилгаан станцууд руу нисдэг тэргээр хүрч байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дээд Тришули усан цахилгаан станцын бүсээс 250 орчим хүнийг аварсан бөгөөд цэргийн инженерүүд 42 ажилчныг аврахын тулд тус газарт тэсэлгээ хийсэн байна. Аврагчид экскаватор, газар ухагч машин, насос зэрэг механизм ашиглаж байгаа аж. Мөн уулчдын бүлэг хонгилуудад ажиллаж байна. Их хэмжээний шавар, нуранги үүссэнээс үүдэн аврах ажиллагаа сунжирч байгаа тул хүчилтөрөгчийн хэмжээ буурснаар амьд үлдэгсдийг олох боломж багасаж буйд аврагчид түгшиж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 974 болжээ. Өнгөрсөн хугацаанд 10 мянга гаруй хүнийг аварснаас 323 нь гаднын иргэд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top