Балба улсад бослого үймээн намжаагүй байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 10

Есдүгээр сарын 8-нд Балбын нийслэл Катманду хот дахь парламентын ордны гадна “Z үеийн хувьсгал” нэртэй эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн юм. Балбын засгийн газраас Facebook, Instagram и WhatsApp зэрэг нийгмийн сүлжээний 26 хэрэгслийг хориглон хязгаарласныг эсэргүүцсэн залуучууд, оюутнууд голдуу оролцсон жагсаал цуглаан зөвхөн нийслэлд төдийгүй мөн томоохон долоон хотод өрнөсөн байна.

Тус улсад авлига, хээл хахууль ихээхэн газар авч, төрийн түшмэд тансаг амьдралаа гайхуулан сагсуурах болсонд залуучууд, жагсагчид ихээхэн хилэгнэж байгаагаа нэлээд эрс түрэмгий илэрхийлж эхлэхэд хууль хамгаалах хүчнийхэн жагсаалыг тараахын тулд галт зэвсэг, нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашиглаж эхэлжээ. Энэ үеэр 22 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархдаж гэмтсэн байна.

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид хамгаалалтыг зад түрэн парламентын ордон руу дайран орж, галдан шатаав. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа үймээн самууны үеэр тус улсын ерөнхий сайд Шарма Оли огцорсон боловч эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид Балкот хот дахь түүний хувийн ордон болон Балбын ерөнхийлөгчийн орд харшийг галдан шатаасан ажээ.

Мөн засгийн газрын сайд нар болон улс төрчдийн гэр орныг галдан шатаасан байна. Энэ үеэр тус улсын ерөнхий сайд асан Жан Натха Ханалын эхнэр амь үрэгдсэн ажээ. Балбын засгийн газар болон олон яам байрладаг Сингха Дурбар ордныг мөн галдан шатаасан гэнэ.

Жагсагчид олон улсын зарим нисэх онгоцны буудлыг түйвээсэн тул нисэх буудлууд есдүгээр сарын 11 хүртэл хаагдаад байгаа аж. Балбын армийн командлагч Ашок Раж Сигдел дүрс бичлэгээр эсэргүүцэгчдэд хандан цаашид хүмүүс амь үрэгдэх, иргэдийн эд хөрөнгө устаж сүйдэхээс сэрэмжлэхийн тулд үймээн самууныг зогсоож, яриа хэлэлцээ хийхийг уриалсан байна. Хотуудын гудамж, талбайд эсэргүүцэгчид бөөгнөрсөн хэвээр байгаа хэдий ч аюулаас хамгаалах хүчнийхэн зай барин тайван ажиглаж байгаа учраас хүчирхийлэл гарахгүй байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top