Уур амьсгалын өөрчлөлт олон сая хүний аминд хүрч байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 05

Дэлхийн улс орнууд ковид цар тахалтай тэмцэхэд дор хаяж 8.2 их наяд евро гаргах үүрэг амлалт авч байсан ч уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход зориулагдсан төсвөөс дөнгөж 132 сая еврог эрүүл мэндийн салбарт жилд зарцуулж байна. Статистик мэдээнээс үзвэл, 2022 оны зун хэт халалтаас Европ даяар нийт 61672 хүн амиа алджээ. Тэдний ихэнх нь зүрх, уушгины эмгэг зэрэг эрүүл мэндийн асуудалтай байжээ. Гэхдээ тэднийг эндэхээс сэргийлэх боломжтой байв. Хэт халалтын улмаас тэдний зүрх дийлэлгүй амьсгал хураасан байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эндэгдлийн эрсдэл 160 дахин нэмэгджээ. 

Учир шалтгааныг тайлбарлах шинжлэх ухаан /Attribution/-ы ачаар уур амьсгалын өөрчлөлтийн хохирогчдын тоог албан ёсоор гаргах боломжтой болжээ. Эл шинжлэх ухаан нь тухайн байгалийн гэнэтийн үзэгдэлд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлснийг тодорхойлдог байна. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн бодит тоог гаргахад ихээхэн хүндрэлтэй. Шинжээчдийн таамгаар, 2000 оноос 2024 оны хооронд хохирогчдын тоо дөрвөн саяыг давна. Энэ нь Берлиний хүн амаас их тоо юм. 

“Гэвч үүнээс үүдэлтэй нас баралтыг хохирогчдын ар гэр эсвэл засгийн газар нь хүлээн зөвшөөрөх нь туйлын ховор” гэж “Nature Medicine” сэтгүүлд онцолжээ. 

Ихэнх үхлийн гол шалтгаан нь Африкийн Сахарын цөлөөс өмнөд хэсэг дэх хумхаа эсвэл Өмнөд Ази дахь өлсгөлөн, гэдэсний хурц халдварт өвчний тархалттай холбоотой. Тиймээс ихэнх хохирогчид бага насны хүүхдүүд байна. 

Жоржтауны их сургуулийн биологич Колин Карлсон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой онцгой нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх, сэтгэлгээгээ өөрчлөхийг уриалж байна. 

Уур амьсгалаас үүдэлтэй нас баралтыг хэрхэн тодорхойлдог вэ?

Карлсон эрдэмтний ярьснаар, уур амьсгалын өөрчлөлт цар тахлын хэмжээний нас баралтын шалтгаан болж буй гэрчлэх баримтууд нь цочирдуулам. Гэхдээ уур амьсгалаас үүдэлтэй халдварт өвчин судлалын шинжлэх ухаан дөнгөж бүрэлдэн тогтох шатандаа явж байна. 2000-аад оны эхээр Австралийн халдварт өвчин судлаач Энтони Макмайкл уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн хүчин зүйлсээс үүдэлтэй нас баралтыг үнэлэх аргачлалыг боловсруулсан байна. Эдгээр хүчин зүйлсэд үер, хоол, тэжээлийн хомстол, хумхаа, зүрх судасны өвчин зэрэг оруулжээ. Үүн дээр суурилан уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нас баралт жилд 166 мянга хүрдэг гэсэн тооцоо гарчээ. Үүнээс үзвэл уур амьсгалын хямрал жил бүр Женев хотын хүн амтай дүйцэхүйц хүний мийг авч одож байна гэж Карлсон онцолжээ. 

2024 он гэхэд нас баралт дөрвөн саяд хүрнэ гэсэн тооцоолол нь хоцрогдсон тооцоолол гэж тэрбээр үзэж байна. Учир нь Макмайклын аргачлалд сүүлийн үед шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаж буй уур амьсгалын бусад аюулыг тооцоолоогүй. Өлсгөлөн, зэвсэгт мөргөлдөөн, амиа хорлолт, ой хээрийн түймэр, архаг болон денге чичрэг зэрэг халдварт өвчинтэй зэрэгцэн дэлхийн дулаарал нас баралтыг нэмэгдүүлж байна. 

Уур амьсгалын хямрал цар тахлын эсрэг 

Долоон сая хүний амийг авч одсон ковид-19 цар тахлыг үл тооцвол, уур амьсгалын өөрчлөлтийн хохирогчдын тоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн нийгмийн эрүүл мэндийн салбарын бүхий л төрлийн онц байдлын хохирогчдын тооноос даваад байна. 

Гэтэл ковид цар тахлын өсөж асан муруйг зөвхөн үндэсний төдийгүй олон улсын хэмжээнд анхааралтай ажиглаж байсан бол уур амьсгалын өөрчлөлтийг хуучирсан нэр томьёо мэт тодорхойлох болжээ. 

Уур амьсгалыг нийгмийн эрүүл мэндийн салбарын онц байдлын нэг төрөл хэмээн хүлээн зөвшөөрснөөр олон нийт болон улстөрчдийн анхаарлыг татаж чадна гэж Карлсон болон эрүүл мэнд, халдвар өвчин судлалын салбарын олон мэргэжилтэн үзэж байна. 

Хэрэв бид шалтгааныг нь ололгүй зөвхөн шинж тэмдгийг нь эмчлээд байвал бид улам бүр л хоцрогдолд орно гэж эмч Кайл Мерритт ярьж байна. Тэрбээр 2021 онд Канадад болсон хэт халалтын улмаас амиа алдсан эмэгтэйн нас барсны гэрчилгээнд “уур амьсгалын өөрчлөлт” гэсэн үгийг бичсэн анхны эмч юм. 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын СОР-28 баг хурлын үеэр анх удаа “Эрүүл мэндийн өдөр”-ийг зохион байгуулсан. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын 40 гаруй сая ажилтан эрүүл мэнд, уур амьсгалын салбарын хүчин чармайлтыг нэгтгэхийг шаардсан билээ. 

Засгийн газар болон олон улсын байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт нь эрүүл мэндийн салбарын онц байдал хэмээн хэчнээн ярьсан ч бодит дүр зургийг зардал харуулна. Дэлхийн улс орнууд ковид цар тахалтай тэмцэхэд нийт 8.2 их наяд евро гаргах үүрэг авч байсан ч уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход зориулагдсан төсвөөс дөнгөж 132 сая еврог эрүүл мэндийн салбарт жилд зарцуулагдаж байна.

Уур амьсгал бол эрүүл мэнд 

Х сүлжээнд нийтэлсэн постодоо тайлбар хийхдээ, Карлсон эрдэмтэн хүлэмжийн хийн ялгарлыг хангалттай хэмжээнд бууруулж чадахгүй байна гэжээ. Засгийн газрууд өөртөө томоохон үүрэг хүлээж, уур амьсгал, эрүүл мэндийн асуудлуудыг шийдэх ёстой. Цар тахлыг урьдчилан таамаглах, сэргийлэх хүрээлэнг мөн тэргүүлдэг Карлсон компьютерын урьдчилан таамаглах загварчлалыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нас баралтын судалгаанд дэвшил гаргах шаардлагатай гэж үзэж байна. 

Тэрбээр 2024 онд уур амьсгал, эрүүл мэндийн салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран уур амьсгалын нөхцөл байдал, өвчлөлийн тархалтыг загварчлах, урьдчилан таамаглах тогтолцоог хэрхэн бий болгох тал дээр ажиллахаар төлөвлөж байгаа аж. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон жилийн турш уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг дэлхийн хэмжээний хямрал хэмээн тодорхойлсоор байна. 2030-2050 оны хооронд уур амьсгалын өөрчлөлт жилд 250 мянган нас баралтын шалтгаан болно гэж ДЭМБ анхааруулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хоол, тэжээлийн хомстол, хумхаа, туулгалт, халалтын стресс нь үүний гол шалтгаан болох аж.

Нийгмийн эрүүл мэндийн салбарын онц байдлын нэр томьёо хурц байдал, гарал үүслийн онцгой байдал, дэлхийд тархах эрсдэл зэрэг тодорхой шалгууртай байдаг. Уур амьсгалын хямрал олон арван жилийн турш үргэлжилж, өдгөө дэлхийн архаг хямрал болоод байгаа тул техникийн энэхүү тодорхойлолтыг ашиглах боломжгүй гэж ДЭМБ онцолжээ. 

Дэлхийн уур амьсгалын архаг хямрал эрүүл мэндийн салбарын хувьд тогтвортой, урт хугацааны хандлага, шийдлийг шаардаг байна. Гэхдээ дэлхийн бүхий л эрүүл мэндийн тогтолцоог уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван гарахад бэлтгэх, хүлэмжийн хийн ялгарлыг даруй бууруулах шаардлага тулгамдсан хэвээр буй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top