НҮБ: Уур амьсгалын өөрчлөлт аюулын харанга дэлдэж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 22

Өнгөрсөн онд цаг агаарын бүх рекорд үзүүлэлтүүд эвдэгдэж, энэ жил улам хална гэж НҮБ-ын цаг уурчид мэдэгдэж байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан тайлан манай гараг асар их хурдацтай халж байна гэсэн Европ, АНУ-ын эрдэмтдийн хийсэн дүгнэлтийг баталжээ. Хүлэмжийн хийн түвшин, хөрсөн дээрх температур, далайн усны халалт, исэлдэлт, далайн түвшин, мөсөн уул багассан зэрэг үзүүлэлт нь рекордыг хэдийн ардаа орхижээ.

“Бид дэлхий дахинд аюулын харанга дэлдэж байна” хэмээн Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Селеста Сауло онцолжээ.

Уур амьсгал нь хүн төрөлхтний хамгийн гол асуудал. Учир нь уур амьсгалын өөрчлөлт нь нийгмийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж, байгаль орчныг хөнөөж, хүн төрөлхтнийг өлсгөлөнд нэрвэгдүүлж байна.

Хэт халалт, үер, ган гачиг, ой хээрийн түймэр, хар салхи зэрэг байгалийн гамшиг олон сая хүний өдөр тутмын амьдралыг өөрчилж, хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх эдийн засгийн хохирол учруулж байна гэж “2023 оны дэлхийн уур амьсгалын төлөв байдал” тайланд дурджээ.

1970-2021 оны хооронд цаг уур, уур амьсгалын гамшигт үзэгдлээс үүдэлтэй 12 мянга гаруй гамшгийн тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас хоёр сая гаруй хүн амиа алдаж, 4.3 их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирчээ. Ингэхдээ нас баралтын 90 гаруй хувь, эдийн засгийн хохирлын 60 хувь хөгжиж буй орнуудад ногдож байна.

Тайланд 2023 онд ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун жил болсныг баталсан байна. Дэлхийн хөрсөн дээрх дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.45 градусаар нэмэгджээ. Бүс нутгийн хэмжээнд 2023 он Африк, Өмнөд болон Хойд Америкт хамгийн халуун жил болж бүртгэгдсэн бол Европ, Азид хоёр дахь удаагаа бүртгэгдэж байна. 2023 онд нийт 45 хар салхи тохиожээ.

Бүх үзүүлэлтүүд аюулыг дохио өгч байна. Зарим үзүүлэлтүүд рекордыг эвдээд зогсохгүй хэт тасарч байна. Уур амьсгалын өөрчлөлтүүд асар хурдацтай өрнөж байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш сэрэмжлүүлжээ.

Селеста Саулогийн онцолсноор, уур амьсгалын өөрчлөлт нь зүгээр нэг температурын өсөлт биш. 2023 онд бид тэнгис, далай урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр халахыг, мөсөн уулс хайлахыг, Өмнөд туйлын мөсөн бүрхүүл багасахыг сэтгэл түгшин харлаа.

Өнгөрсөн онд статистикийн дундаж өдөр далай тэнгисийг халуун давлагаа нөмөрч, амин чухал экологийн болон хүнсний тогтолцоог ганхуулав. 2023 оны сүүлч гэхэд далайн мандлын 90 гаруй хувь жилийн турш халууны давлагаанд өртжээ. Далайн ус халах тусам эрчим хүч шингээх, улмаар агаарын температурыг тэнцвэржүүлэх чадвар нь буурдаг байна. Дэлхийн гадаргын 70 хувийг эзэлдэг далай нь дэлхийн дулаарлын 90 хувийг шингээдэг. Хэдхэн арван метрийн гүнд дэлхийн агаар мандал дахь дулаантай тэнцэх хэмжээний дулаан хадгалагдаж байна.

Өмнөд туйлын далайн мөсөн бүрхүүлийн урт ажиглалтын түүхэн доод үзүүлэлтэд хүрлээ. Өвлийн эцэс гэхэд Франц, Германы газар нутгийг нэгтгэсэнтэй тэнцэхүйц хэмжээний мөсөн бүрхүүл хайлжээ.

Уур амьсгалын хямрал нь хүн төрөлхтөнд нүүрлэсэн томоохон асуудал болж, нийгмийн тэгш бус байдлыг улам бүр гүнзгийрүүлж байна. Үүнийг хүнсний аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөн, биологийн төрөл зүйл буурснаас харж болно гэж Сауло мэдэгджээ.

Дэлхий дахинд хүнсний хомстолд орсон хүмүүсийн тоо цар тахлын өмнөх үеийн 199 саяас хоёр дахин нэмэгдэж, 333 саяд хүрэв. Энэ нь зөвхөн НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн зүгээс мониторинг хийдэг 78 улсын байдлыг авч үзэхэд гарсан үзүүлэлт.  

Хэдийгээр байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл байдал анхдагч шалтгаан биш ч байдлыг хурцатгасан хүчин зүйлсийн үүрэг гүйцэтгэж байна гэж тайланд дурджээ.

Өнгөрсөн онд байгалийн гамшигт үзэгдэл хүн амын шилжилт хөдөлгөөний шалтгаан болж, хүн амын эмзэг бүлэгт ихээхэн эрсдэлийг бий болгож буй харуулж байна.

Гэсэн хэдий ч найдварын оч байсаар байна.

Нарны туяа, салхи, уснаас сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх явц уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд гарчээ.

Өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал 2022 онтой харьцуулахад бараг 50 хувиар нэмэгдсэн нь сүүлийн 20 жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Гуравдугаар сарын 21-22-нд Копенхаген хотноо дэлхийн өнцөг булан бүрээс уур амьсгалын асуудал хариуцсан сайд, удирдлагууд хуран чуулж, Дубайд болсон СОР28 хурлын дараа анх удаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд авах шуурхай арга хэмжээг хэлэлцэх гэж байна.

Уулзалтаар 2025 оны хоёрдугаар сард дуусах эцсийн хугацаанаас өмнө улс орнуудын зүгээс уур амьсгалын эсрэг тэмцэлд хувь нэмэр оруулах үндэсний төлөвлөгөөнүүд, эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн тухай хэлэлцээрийн асуудлыг хэлэлцэнэ. Эл хэлэлцээрийг СОР29 бага хурлаар байгуулахаар төлөвлөж байна.

Дэлхийн цаг уурын байгууллага энэхүү тайлангаа жил бүрийн гуравдугаар сарын 23-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн цаг уурын өдөрт зориулан гаргажээ. Эл баримт бичиг нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Дэлхийн цаг уурын байгууллагатай хамтран гуравдугаар сарын 21-ээс эхлүүлэх уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэ кампанит ажлын суурь болох аж. Мөн Копенхаген хотноо болон уур амьсгалын асуудлаарх сайд нарын түвшний уулзалтын хэлэлцүүлгийн үеэр ашиглагдах юм.

Тайланд бэлтгэхэд НҮБ-ын системийн байгууллагууд, үндэсний ус, цаг уурын албад, Дэлхийн уур амьсгалын судалгааны хөтөлбөр, Дэлхийн агаар мандлын алба зэрэг байгууллагуудын шинжээчид оролцжээ.

Тайлангийн дүгнэлтүүд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн үр дүнтэй тэмцэх талаарх хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.225.197) 2024 оны 03 сарын 23

Станц, хүнд үйлдвэрлэлүүд, бензин дизель автомашин, уурхай, мал аж ахуй, хамгийн гол нь хүний өсөлт. Энэ бүхнийг бид зогсоож чадахгүй бол угаасаа удахгүй юу юугүй дэлхий сөнөлөө.

0  |  0
мөнгө л гэгч нар бна(202.9.40.126) 2024 оны 03 сарын 22

Худлаа л хуралдаад байгаа болохоос эсрэгээр нь хийж байгаа шүү дээ, улам их мал мах үйлдвэрлэл, уул уурхайн олборлолт.

1  |  0
Top