Италийн Венец хот 2150 он гэхэд усанд бүрэн живэх магадлалтай

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

Италийн Үндэсний геофизик, галт уул судлалын хүрээлэнгээс хэрэгжүүлж байгаа олон улсын төслийн хүрээнд загварчилсан нэг зохиомжийн дагуу тус улсын Венец хот 2150 он гэхэд усанд бүрэн живэх магадлалтай ажээ.

Судлаачдын дүгнэлтээр, хаалт хамгаалалтын “Моисей” системийн байгууламжууд нь хотыг хамгаалахад хангалтгүй юм байна. 2050, 2100 болон 2150 оны байдлаар үерийн нөхцөл байдлыг загварчилсан байна. Хамгийн муу дүр зураг ХХII зууны дунд үед ажиглагдах бөгөөд 139-өөс 226 хавтгай дөрвөлжин километр газар нутаг үерт өртөх магадлалтай гэнэ.

“Хамгаалалтын нэмэлт арга хэмжээ авахгүй бол хот үерт автаж, Венецийн оршин суугчид хийгээд соёлын өвд ихээхэн хор хохирол учирна. Уур амьсгалын өөрчлөлт улам нэмэгдүүлж байгаа “өндөр усны” нөлөө нь хуурай газрын түвшин тогтмол буурч, усанд эзлэгдэхэд хүргэж байна. Одоо энэ үйл явцын хурд жилд 7 мм байгаа юм” гэж эрдэмтэд мэдээлжээ.

150 арал дээр барьсан Венецийг устахаас сэрэмжлэхийн тулд үерийн үед хотыг хамгаалах хаалтуудын хөдөлгөөнт системийг боловсруулсан байна. Венецийг сүүлийн жилүүдэд “өндөр уснаас” хамгаалж буй “Моисей” даланг хэдэн жилийн өмнө ашиглалтад оруулсан юм. Сарны мөчлөгөөс шалтгаалдаг тэнгисийн усны түрэлтээс үүдэлтэй “өндөр усны” үзэгдэл нь Венецийн арлын хэсэгт тохиолддог аж. Гэвч үе үе усны түвшин нэмэгдэж, Гэгээн Маркийн талбайг бага багаар усанд автуулах болсон байна.

Германы яруу найрагч Иоганн Вольфганг Гёте 200 гаруй жилийн ахдаа бичсэн захидалдаа “Чи яаралтай Венецэд ирэх хэрэгтэй. 50 жилийн дараа энэ хот үгүй болно” гэж тэмдэглэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu