Эхнэрээ хорьж, биеийг нь амьдаар нь ялзруулсан хэрэг ШУУГИАН тарив

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгост эхнэрээ гэртээ хорьж, биеийг нь амьдаар нь өтүүлсэн эрийн хэрэг дэлхий дахины анхаарлыг татаж эхэлжээ. 

Энэ сарын 3-ны өдөр тус улсын KST болон JTBC телевизүүдээр уг хэргийн талаарх мэдээлэл цацагдсан бөгөөд гэмт этгээдийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна. 

Тухайн эр өнгөрсөн оны 11-р сард яаралтай тусламжийн утсанд холбогдон эхнэр нь ухаангүй болсон тухай дуудлага мэдээлэл өгчээ. Түргэн тусламжийнхан түүний гэрт ирэхэд тэднийг аймшигтай дүр зураг угтан авсан бөгөөд тухайн эр эхнэрээ буйдан дээр хөнжлөөр хучин хэвтүүлсэн байсан ба бүсгүйн бүх бие бохирдож, зарим хэсэгт нь үхжил үүсэн, өтсөн байсан тухай тусламж үзүүлэхээр очсон эмч ярьсан байна. Бүсгүйг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч тухайн өдрийнхөө маргааш сепсисийн улмаас нас баржээ.

Тусламж үзүүлсэн эмч нарын нэг SBS телевизийн "Хариултгүй асуулт" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа эхнэрийг нь олоход бие нь ялгадасаар бүрэн бохирдож, хэдэн мянган өт бие болон ойр хавьд нь явж байсан тухай дурджээ. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн нэгэн эмч бүсгүйн биеийг давстай усаар зайлсаар байсан ч цаанаас нь өт гарч ирсээр байсан тухай ярьжээ. Бүсгүйн зарим шархыг цэвэрлэх ч боломжгүй болсон байсан бөгөөд эмч нар одоо хүртэл энэхүү явдал санаанаас нь гардаггүй тухай ярьсан байна. 

 

 

Гэмт этгээд гэртээ агаар цэвэршүүлэгч ажиллуулдаг байснаас үүдэн хэдэн сарын турш эхнэрийнх нь бие ялзарч, өмхий үнэр үнэртэж эхэлсэн гэдгийг мэдээгүй гэж мэдүүлэгтээ дурджээ. Гэсэн ч эмч нар энэ нь боломжгүй болохыг батлан, бүсгүйг эмнэлэгт авчрахад эмнэлэг тэр чигээрээ ялзарсан цогцосны үнэрээр дүүрсэн тухай дурджээ.

Үндэсний шүүх эмнэлгийн албаны шүүх эмнэлгийн эмгэг судлаач мөн шүүх хурлын үеэр мэдүүлэг өгч, 15 жилийн хугацаанд амьдаараа өтсөн хоёр дахь тохиолдол энэ болохыг хэлээд, хохирогчийн хавиргууд хугарсан байсан, гар болон цээжин дээрээс нь олон тооны хөхрөлт илэрсэн тухай дурдсан байна. 

 

 

Мөн задлан шинжилгээгээр бүсгүйн хэвлийд 7.4 литр шингэн хуримтлагдсан, зүрх нь 620 грамм буюу хэвийн хэмжээнээс хоёр дахин томорсон байсан болох нь тогтоогджээ. Ялзрал бүсгүйн хүзүү, ахар сүүл, биеийн хажуу хэсэг зэрэг олон газар үүссэн байсан бөгөөд нас баралтын шалтгааныг "халдвараас үүдэлтэй сепсис" хэмээн тогтоожээ. Хохирогч эмэгтэй удаан хугацаанд хагас комад орсон байсан тул дээрх өвдөлтүүдийг мэдрээгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

 

 

Гэмт этгээд эхнэр нь өөрөө эмчилгээ хийлгэхээс татгалзсан, өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдээлсэн ч шүүх үүнийг хүлээн аваагүй байна. Цэргийн шүүхээс түүнийг хохирогчийг үхэлд хүрнэ гэдгийг мэдсээр байж тусламж үзүүлээгүй тул санаатайгаар хүний аминд хүрсэн гэж үзэн 30 жилийн хорих ял оноожээ. Хохирогчийн гэр бүлийнхэн уг ялыг хэт хөнгөн байна хэмээж үзэж, даьж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ илэрхийлсэн байна. 

Уг хэргийн тухай мэдээлэл X буюу твиттерт цацагдсанаар дэлхий нийтийн анхаарлыг татаж, олон нийтийн эгдүүцлийг хүргэн, хууль эрх зүйн байдлын талаар хүчтэй хэлэлцүүлэг өрнөж эхэлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top