Монгол Улс тэсэлгээний бодисын хоригт ороогүй

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

ОХУ-ын засаг захиргаа Ойрх Дорнодын хурцадмал байдлаас шалтгаалан тэсэлгээний бодисын экспортын хориг тавихаа зарласан. Тэгвэл энэхүү хоригт Монгол Улс орохгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. Саяхан яг энэ асуудлаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хүлээн авч уулзсан байна.

Тэсэлгээний бодисыг уул уурхай, хүнд үйлдвэрлэлд ашигладаг, олборлолтын чухал хэрэглүүрийн нэг юм. Улсын хэмжээнд тэсрэх бодит, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, тэсэлгэний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй 104 ААН байдаг гэх тооцоо бий. Эдгээрээс 45 нь импортлох, 29 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж. Импортын тусгай зөвшөөрөл эзэмшигч жилдээ ойролцоогоор 200 мянган тонн тэсрэх бодисын түүхий эдийг Хятад болон Оросоос импортолдог.

Хэрэв ОХУ-ын тавьсан хоригт орсон тохиолдолд тэсэлгээний бодисын импорт зогсох, уул уурхайн ажил явуулах, олборлох салбарын төлөвлөгөө гацах эрсдэл нүүрлээд байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top