Зургаан хоногийн өмнө Эверестэд алга болж, амиа алдсанд тооцогдож байсан Дава Шерпа золоор амьд гарч, үндсэн кэмп хүртэл өөрөө бууж ирсэн байна.
Асар их туршлагаараа, алдарт уулчин Эдмунд Хилларигийн нэрээр “Хиллари” хоч авсан 52 настай Дава Шерпа тавдугаар сарын 30-ны өглөө дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргил орчим алга болсон. Зургаадугаар сарын 4-нд түүнийг үндсэн кэмпээс холгүй “Sagarmatha Pollution Control Committee” баг олсон байна. Тэрбээр доош мөлхөж байжээ. Түүнийг нисдэг тэргээр Катманду хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нарын ярьснаар, бага зэргийн хөлдөлтийг эс тооцвол биеийн байдал нь сайн байна гэж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан Пемба Шерпа мэдээлжээ.
Тавдугаар сарын 29-нд ууланд гарах улирал дуусаж байсан өдрүүдэд “Himalayan Traverse Adventure” хөтөч Дава өөр нэг шерпагийн хамтаар Польшийн уулчин болон Их Британийн уулчин Крис Троллыг дагалдан явжээ. Эверест рүү гарах авиралт 18 цаг үргэлжилсэн байна. Түүний үйлчлүүлэгч Тролл 8849 метрийн өндөрт тавдугаар сарын 29-ий өдрийн 17.00 цаг орчим амжилттай гарчээ. Уулчид оргилд өглөөний 11.00 цагаас өмнө хүрэхийг хичээдэг тул энэ нь маш орой гэсэн үг аж. Гэсэн хэдий ч тэд 4-р кэм хүртэл амжилттай буусан ба тавдугаар сарын 30-нд Тролл гуравдугаар кэмп руу бууж эхэлжээ. Шар бүс гэгддэг 7500 м өндөрт Дава сууж амарсан бөгөөд үйлчлүүлэгч Троллыг бууж байхыг хүссэн байна.
Түүнээс хойш Даваг хэн ч хараагүй бөгөөд хоёрдугаар кэмпээс Тролл тусламж хүсжээ. Даваг гуравдугаар кэмп-т үлдсэн гэж таамагласан байна.
Давагийн ажилладаг “Himalayan Traverse“ компани өөрийн зөвшөөрөлгүй байсан тул Балбын уулын аялал жуулчлалыг эрхэлдэг томоохон “8K Expedition” компанийн нэгдсэн зөвшөөрөл ашиглажээ. Үүний улмаас түүнийг эрэн хайх ажиллагааг хэн хариуцах нь тодорхойгүй болсон байна. Тиймээс “8K Expedition” компани зургаадугаар сарын 3-нд эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр эхлүүлсэн ч түүнийг олоогүй байна.
Харин энэ хооронд Дава Шерпа хоол, хүчилтөрөгчгүй ганцаар бууж байв. Тухайн үед ууланд авирах улирал дууссан байсан тул шерпанууд Кхумбу мөсөн хүрхрээний хавцал дээгүүр тавьсан хөнгөн цагаан шатнуудыг хураан авсан байсан тул Дава хавцлуудыг тойрч гарсан байна. “Алдварт Кхумбу мөсөн хүрхрээ орчмын аюултай гүн хавцлуудаар шатгүйгээр гарсан гэхээр аймаар хэр нь гайхалтай” гэж аврагч Дурга Рай ярьжээ.
Дава аврах нисдэг тэргийг харж, гараараа далласан ч түүнийг хараагүй гэж хожим нь тэр ярьжээ.
Тавдугаар сарын 4-ний өглөө эрэн хайх, аврах “Sagarmatha Pollution Control Committee” баг үндсэн кэмп орчим цэвэрлэгээ хийж байхдаа мөлхөж байгаа Хиллари хочит Даваг олсон байна.
2026 оны авиралтын улиралд нийт 1000 хүн Эверест рүү авирсан нь түүхэн дээд үзүүлэлт. Мөн энэ улиралд таван уулчин тус ууланд мөнхрөн үлджээ.


Сэтгэгдэл ( 0 )