1953 оны тавдугаар сарын 29-нд шерпа Тэнцинг Норгей Шинэ Зеландын уулчин Эдмунд Хилларигийн хамт Балба, Хятадын хил дээр сүндэрлэх дэлхийн хамгийн өндөр оргил Эверестийг эзэлж байв. Энэ өдөр хүн төрөлхтний түүхэн дэх мартаж боломгүй өдөр билээ.
Тэгвэл одоогоор 18 жилийн өмнө буюу 2005 оны тавдугаар сарын 30-ны өдөр Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн ноён оргилыг эзэлж, Монгол хүн уулсын хаан Эверестийн зулайд анх удаа хөл тавьж, Монголын далбаа дэлхийн дээвэрт мандсан билээ. Уулчин Г.Өсөхбаярын хувьд энэхүү түүхэн авиралтын дараа жил нь буюу 2006 оны тавдугаар сарын 14-нд Эверестийн оргилд дахин хөл тавьсан билээ.
Жигүүртэн хүрээгүй оргилыг эзлэгч, эрэлхэг зоригт уулчиддаа энэхүү нийтлэлийг зориулж байна.
“Тэд жинхэнэ анхдагчид, судлаачид байсан. Тэд боломжийн хязгаарыг тэлсэн” хэмээн Жамлинг Тэнцинг Норгей ярина. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр ноён оргилд анх удаа амжилттай гарсан түүхэн үйл явдлын тухай дурсаж байгаа нь энэ юм. Одоогоос 70 жилийн өмнө буюу 1953 оны тавдугаар сарын 29-нд түүний эцэг шерпа Тэнцинг Норгей Шинэ Зеландын уулчин Эдмунд Хилларигийн хамтаар Балба, Хятадын хил дээр сүндэрлэх дэлхийн хамгийн өндөр оргилд анх удаа гарчээ.
Түүхт уулчдын хөвгүүд Жамлин Тэнцинг Норгей, Питер Хиллари нар эцгүүдийнхээ домог мэт яриаг сонсон өсжээ. Тэд хоёул тэдний тавьсан замаар явж, Эверестийг оргилд хүрцгээсэн.
Түүхэн авиралтын 70 жилийн ойгоор тэд ВВС агентлагтай дурсамжаасаа хуваалцаж, тэдний эцгүүдийн бүтээсэн эл баатарлаг үйл уулын спортыг хэрхэн өөрчилсөн тухай ярьжээ.
Түүхэн авиралт
Тэд тийш энгийн “үхэгсдийн” хувиар явж, дэлхийд алдартай баатрууд болон ирсэн. Гэхдээ алдар хүнд тэднийг эвдээгүй. Тэд энгийн, даруу чигээрээ үлдсэн. Тэд хоёул Хималайн уулст нутаглан амьдардаг хүмүүсийн амьдралын түвшинг дээшлүүлэх гэж их зүйл хийсэн” хэмээн Жамлинг бахархан дурсана. “Хүн шинэ өндөрлөгт хүрэхэд боломжгүй зүйл үгүй гэсэн итгэлийг бусдад өгч байдаг. Үүнийг энэ түүхэн ойгоор дахин саная” гэж Питер нэмж хэлэв.
1953 оны авиралт нэгэн жим нээж, олон хүнийг дагуулсан. Зөвхөн энэ оны авиралтын улирлын эхний арван хоногт гэхэд 8849 м Эверестийг оргилд 500 гаруй хүн хүрчээ. Эверестийг “эзэгнэсэн” уулчдын энэ тоог шинэ технологийн боломж, ложистик, харилцаа холбооны дэвшилтэй холбон тайлбарлаж болно. Харин Эдмунд Хиллари, Тэнцинг Норгей нар GPS эсвэл хиймэл дагуулын холбоо зэрэг орчин үеийн хэрэгсэлгүйгээр тэрхүү баатарлаг үйлсийг бүтээсэн.
Тухайн үед Британийн багийн ялалтын тухай мэдээ Балбаас Лондонд бүхэл бүтэн гурван хоногийн дараа хүрчээ.
Хиллари, Неоргей хоёр Эверестийн оргилд гарахыг оролдсон анхны уулчид биш. Гэхдээ тэд оргилд хүрч чадсан анхдагчид. Тэднээс өмнө 30 жилийн турш олон тооны экспедиц оргилд нь хүрч эсвэл эргэн ирж чадаагүй.
Тэнцинг өөрөө өмнө нь зургаан удаа ийм оролдлогод оролцож байжээ. Тэр багадаа сарлаг хариулан явж байхдаа яагаад нэг ч шувуу энэ уулын дээгүүр нисэн өнгөрч чаддаггүй юм бол гэсэн асуултыг байнга тавьдаг байсан. Нэгэн лам оргилд хамгийн түрүүнд Бурхны шашинтан гарна гэсэн үг түүнд урам зориг өгсөн гэж Жамлинг дурсана.
Алдрын 15 минут
“Тэр том амбицтай залуу байсан. Үргэлж анхдагч байхыг хүсдэг байсан хэмээн Питер эцгийнхээ тухай дурсан ярьжээ. Тэр Эверестийн оргилд Балбын талаас авиралт хийх зорилготой Британийн ес дэх удаагийн багт оролцох санал авахдаа түүхэнд үлдэх ховор завшаан тохиосон гэдгийг ойлгож байв. “Тэр хэрхэн цас, мөсөн дээгүүр оргил өөд явж байсан тухай ярьж байсныг сайн санаж байна. Миний аав хамгийн түрүүнд алхан, зам гаргаж байсан. Цас, мөсний том том хэлтэрхийнүүд Балбын тал руу асгарч байсан” хэмээн ярина.
Цаг агаар аймшигтай байсан ч урагш явсаар байжээ. Питерийн хэлснээр, түүний эцэг Эверестийн оргил биш байсан бол буцах л байсан байх. Гэвч ямар нэг зүйл түүнийг авиралтаа үргэлжлүүлэх урам зориг өгчээ. Оргилд хүчилтөрөгч маш бага байсан учир манай гарагийн хамгийн өндөр цэгт тэд 15 минут болоод л буусан байна.
Алдартай гэрэл зураг
Тэнцинг бурхны шашны ёсоор бурхад болон уулын савдагт өргөл болгон хэд хэдэн чихэр, жигнэмэг цасанд булан өргөжээ. Эдмунд Хиллари эргэн тойрны уулс болон Их Британи, Балба, НҮБ болон Энэтхэгийн далбааг намируулан зогсох Тэнцингийн гэрэл зургийг дарсан байна. Харин оргилд зогсох Хиллари гэрэл зураг дээр гараагүй.
“Тэнцинг оргилд гарахаасаа өмнө гэрл зургийн аппарат гартаа барьж үзээгүй байсан. Эверестийн оргил гэрэл зураг авч сурах тийм ч тохиромжтой газар биш байх хэмээн манай аав хошигнон ярьдаг байсан” гэж Питер дурсана.
Питер, Жамлинг нар өөрсдөө Эверестийн оргилд хүрснийхээ дараа тэдний эцгүүд юуг туулсныг маш сайн ойлгожээ.
Питер Эверестэд 1990 онд анх гарч байжээ. Тэр үед эцгийнхээ тухай бодохгүй байхын аргагүй байсан хэмээн ярина. “Хилларигийн шатанд хүрч, 40 жилийн өмнө миний аав юу харж байсныг би харсан. Түүний мэдэрснийг мэдэрсэн. Үнэхээр сэтгэл хөдөлсөн” хэмээв.
Харин Жамлинг хувийн болон шашин шүтлэгтэй холбоотой шалтгаанаар 1996 онд дэлхийн ноён оргилд анх удаа хөл тавьжээ. Тэд Төвөдийн шерпа ястнууд Шерпанууд гайхалтай сайн уулчид ба Хималайн уулстай тэд мөн оюун санаагаараа холбоотой. “Миний хувьд авиралт нь илүү даяан шиг байсан. Би сүсэг бишрэл, зан үйлээрээ эцгийнхээ туулсан замыг ойлгохыг хүссэн” хэмээн тэрбээр онцолжээ.
Тоо тоймгүй уулчид
Жил бүр маш олон уулчин Эверестийн оргил өөд авирдаг. Өнгөрсөн мягмар гарагт шерпа Ками Рита дэлхийн дээвэрт 28 дахь удаагаа гарч, өөрийнхөө тогтоосон өмнөх дээд амжилтыг долоохон хоногийн дараа эвдсэн. Гэхдээ тэр ойрын үед гавьяаныхаа амралтад гарна гэж боддоггүй. Учир нь түүний өрсөлдөгч болон шерпа Пасанг Дава Эверестийн оргилд 26 удаа гарч, шилийг нь дагаж байгаатай холбоотой ч байж магадгүй.
Эмэгтэй уулчдаас Лакла Шерпа дээд амжилт эзэмшдэг ба өнгөрсөн онд тэрбээр 10 дахь удаагийн авиралтаараа дээд амжилт тогтоосон. Тэдний нэг нь ч олны дунд танигдаагүй.
Жамлинг Тэнцинг Норгей ноёр оргилыг зорих уулчдын тоо өсөж байгаад тийм ч их баярладаггүй. Учир нь анхны авиралтуудын мөн чанар аажмаар алдагдаж байна хэмээн тэрбээр үздэг.
“Орчин цагт авиралтууд технологийн тусламжтай хамаагүй хялбар болсон. Оргилд гарсныхаа дараа зарим уулчид хоёрдугаар кемпээс нисдэг тэргээр шууд Катмандуд бууж байна. Бүх зам, маршрут тавигдаж, хүчилтөрөгч болон бусад тоноглолуудыг шерпанууд авч явж байна. Адал явдлын мөн чанар, уур амьсгал үгүй болсон. Одоо зүгээр л нэг гэрэл зураг авах гэсэн зохион байгуулалттай аялал болжээ. Тэд сэтгэлийн дуудлагаар Эверестийг зорихоо болсон” хэмээн Жамлинг харамсана. Питер зарим зүйл дээр түүнтэй санаа нийлдэг. “Үндсэн отгоос оргил хүртэл олс татаж, шат тавьсан. Отгуудад шерпа нарын баг халуун цайтай угтдаг. 6500 м өндрөөс таныг нисдэг тэргээр буулгаж болдог” гээд “Гэсэн ч уул өөрчлөгддөггүй. Энэ бол том хайрхан. Авирахад амаргүй шүү” хэмээн тодруулна.
Статистик түүний хэлснийг батална. Сүүлийн 100 жилд Эверестэд авирах явцад 300 гаруй уулчин амь эрсэджээ. Энэ улиралд гэхэд 11 уулчин амиа алдсан. “Уул бидэнд байгалийг хүндэтгэн хайрлахыг сургадаг. Бид энэ гараг дээр ирсэн энгийн нэг зочид шүү дээ” хэмээн Жамлинг ярина.
Сэтгэгдэл ( 1 )
Тэнцинг Норгей бол монгол гаралтай хүн гэсэн. Түүний энэ тухай бичсэн ”Цаст уулын барс” ??? гэсэн ном монгол хэлээр 1960-аад оны үед орчуулагдан гарсан байдаг. Одоо олдохгүй болжээ.