Энэ сарын 4-нд Энэтхэгийн хималайн ууланд авиралт хийж байсан уулчдын баг цасны нурангид өртөж, дор хаяж дөрвөн уулчин амиа алдаж, 28 уулчин сураггүй алга болоод байна. Багт 31 дадлагажигч уулчин, долоон сургагч багш, нийт 41 хүн багтсан байсан тухай Энэтхэгийн Уулын спортын хүрээлэн мэдээлжээ.
Ройтерс агентлагийн мэдээллээр, цасны нуранги Гарвал Хималай уулсын Ганготри нуруунд болжээ. Цасны нуранги болсон газар нь хүн хүрэхэд туйлын хүнд тул Энэтхэгийн Нисэх хүчин агаараас тандалт хийж байна.
Аврагчид уулчдын наймыг аварч, эмнэлэгт хүргэж, дөрвөн хүний цогцсыг цасан доороос гаргаж авсан байна. “The Press Trust of India” агентлагийн мэдээллээр, арван уулчин амиа алджээ.
Дадлагажигч уулчид Драупади ка Данда-II /5670 м/ оргилд гарч, буцах замдаа цасны нурангид өртсөн байна.
Уттараханд мужийн уулархаг бүсэд цасны нуранги үүсэх нь элбэг тохиодог байна. 2021 онд тус мужийн уулын бүсийн мөсөн голын мөс цөмөрч, хүчтэй урсгалд 200 гаруй хүн амиа алдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )