Азийн анхны мэргэшсэн ЭМЭГТЭЙ ШЕРПА уулсыг эзэгнэсээр

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20


Дава Янзум шерпа уулын хөтөч болох зорилго тавихад "Энэ бол охидын хийх ажил биш" хэмээн түүний зорилгыг үгүйсгэх хүн олон байв. Харин 15 жилийн дараа тэр олон улсын нэр хүндтэй гэрчилгээ хүртсэн Балбын анхны эмэгтэй уулчин болжээ.

2023 оны хоёрдугаар сард 27 настай Дава Швейцарт төвтэй Олон улсын уулын хөтөч нарын холбооны хатуу чанга сургалтыг амжилттай төгсжээ. Уулын спортын PhD гэгддэг энэхүү нэр хүндтэй мэргэшлийг дэлхий дахинд зургаан мянга орчим хүн эзэмшсэн байдгаас 50 нь Балбын эрэгтэй шерпа байдаг. .

“Би юу хүсэж байгаагаа мэддэг байсан. Миний хүсэл мөрөөдөл уулын авиралт байсан. Гэвч гэр бүлийнхэн мань намайг дэмжээгүй” хэмээн Дава Францын AFP агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Уулын авиралт нь зөвхөн эрчүүдийн ажил биш

Шерпа нь Хималайн уулсаар нутагладаг жижиг ястан ба уулын хөтөч нарыг ийн нэрлэдэг болжээ. Тэд өндөрт хүчилтөрөгчийн дутагдлыг тэсвэрлэх байгалиас заяасан онцгой чадвартай. Уулын спорт нь Ролвалин хөндий дэх Даваагийн төрсөн тосгоны амьдралын эх булаг. Эверест уулын хормойд орших тосгонд 8848 м өндөр оргилд гарсан хүн олон. Балбад манай гарагийн найман ноён оргил оршдог ч уулын авиралт нь өнөө хэр эрчүүдийн ажил хэмээн тооцогдсон хэвээр. “Энэ ажил хүнийг маш их сорьдог. Тэр тусмаа эмэгтэйчүүдийг. Энэ бол эмэгтэйчүүдийн хийх ажил биш. Чамд ажил олдохгүй, хүүхэд гаргахаараа чи юу хийх вэ гэж асуух хүмүүс ч гарна” хэмээн Дава ярина.

Гэсэн ч тэр тэднийг үл тоон, зүтгэсээр. 17 насандаа тэр ууланд авиралт хийхээр Балбад ирсэн жуулчдад хөтөч хийж, удалгүй Балбын 5500 м өндөр Яла оргилд анх удаа гарчээ.

АНУ-д төвтэй “Alpine Ascents International” компанид ажилтай уулчин Дэвид Готтлийб түүнийг маш ирээдүйтэй уулчин болох охин байсан хэмээн дурсжээ. “Хэн хүнд байгаад байдаггүй чадвартай хүн өөр байдаг. Түүний энэ чадвар шууд л харагдсан” хэмээн Готтлийб ярьжээ.

Уулсын оргилд гарах нь “донтолт”
 


Олон жижиг уулсын ноён оргилд гарсны дараа 2012 онд “National Geographic”  Даваг өөрийн зохион байгуулах дэлхийн дээвэр гэгддэг Эверест оргилд хүрэх  аялалд сонгожээ. “Эверест миний зорилго байсан. Эверест оргилд гарвал хангалттай гэж боддог байсан. Гэвч уулын авиралт бол нэг төрлийн донтолт юм. Ууланд авиралт хийх тусам дахин авирах хүсэл төрдөг” хэмээн Даваа өгүүлжээ.

2014 онд тэр дэлхийн хамгийн аюултай ноён оргилуудын нэг болох Пакистаны K2 ууланд авиралт хийх Балба эмэгтэй уулчдын анхны багт орж байв.

Өнгөрсөн онд Дава манай гарагийн гурав дахь ноён оргил болох Канченжангад гарах оролдлого хийсэн ч цаг агаарын байдлаас болж оргилд нь хүрэхээс өмнө буух шаардлагатай болжээ.

Охид, эмэгтэйчүүд мөрөөдлөө дагах ёстой

Дава маш том зорилго тавьсан хэмээн Балбын Уулын хөтөч нарын үндэсний холбооны ерөнхийлөгч Сунар Бахадур Гурун ярьжээ. Түүний хэлснээр, Дава Балба төдийгүй дэлхийн шилдэг эмэгтэй уулчдын нэг болохоор зориг шулуудсан. Түүний авсан мэргэшлийн гэрчилгээ түүний өмнө олон шинэ боломжийг нээж байна. Тэр маш чадвартай мөн хэтэрхий гэмээр шийдэмгий хэмээн Гурун бахархана.

Дава “Alpine Ascents International” компанийн багтай Хойд Америкийн ноён оргил Деналийг ирэх зургаадугаар сард зорино.

Эх орондоо хоёр ч уулын спортын сургуульд багшилдаг Даваа өөрийгөө Хималайн алдарт ноён оргилуудыг карьераа болгож сонгосон Балбын олон эмэгтэйчүүдийн анхны азтай эмэгтэй гэж даруухан найдна.

“Надад үлгэрлэн дуурайх хүн байгаагүй. Заримдаа би чадах болов уу гэж эргэлздэг. Гэхдээ миний энэ жижиг амжилт бусад охидод мөрөөдөлдөө хүрэх жигүүр нь болно хэмээн найддаг” гэж Дава ярина.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top