Уулчид эрүүл мэнд, тэр бүү хэл амь насаараа дэнчин тавин өндөр уулсыг мөнхөд манах мөсөн хавцал, эгц цавчим хясаа цохио, цасан шуурга, цасан уруйг тулаанд дуудна. Гэвч тэр тулаанаас амьд гарч ирэхгүй нь бий.
Балбын эрх баригчид дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилыг /8849 м/ цэвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж байна. Сүүлийн дөрвөн жилд Балбын арми олон зуун тонн хог, хаягдлыг цэвэрлэжээ. Харин өдгөө ууланд мөнхөрч үлдсэн уулчдын цогцсыг буулгах шинэ зорилго тавиад байна. Эверестийн оргилыг эзэгнэж эхэлсэн 70 гаруй жилийн түүхэнд 300 гаруй уулчин тэнд мөнхрөн үлджээ. Ихэнхийнх нь шарил өнөө хэр уулын бэлд үлджээ. Ийм өндөрт нисдэг тэрэг гарахгүй. Асар их мөнгө төлсөн уулчид авиралтдаа л анхаарна. Сульдсан нэгэндээ тэр бүр туслахгүй.
Энэ сарын дунд үеэс эхлэн Балбын армийн 12 алба хаагч, 18 шерпа нар цогцсуудыг буулгах ажиллагаанд дайчлагдаад байна. Энэ удаад тэд 10 тонн хог, хаягдлыг цэвэрлэх, уулчдын цогцсыг буулгах үүрэг даалгавар авчээ. Өнгөрсөн онд л гэхэд 18 уулчин Хималайн ууланд амиа алдсан нь түүхэн дэх хамгийн олон тохиолдол.
Хималайн ноён оргил болох Эверестийн экологийн нөхцөл байдалд 30 жилийн өмнөөс эхлэн санаа тавьж эхэлжээ. Гэхдээ хог, хаягдал цэвэрлэх нэг хэрэг, харин амиа өргөсөн уулчдыг буулган, оршуулах нь өөр хэрэг. Энэ бол ёс зүйн экологи. Хүнд хүчир, хариуцлагын түвшнээр харьцуулшгүй хоёр өөр даалгавар.
Найман км өндөр дэх үхлийн бүсэд ямар ч үйл ажиллагаа хүний хүч чадлын хэрээс хэтэрсэн ажил. Зөвхөн дээш авирч, буух бус харин цогцсуудыг цас, мөснөөс салгаж, доош буулгана.
Аврагчдын ярьснаар, ийм ажиллагааг хэрэгжүүлэхээр сонгогдсон хүмүүст ямар нэгэн спортын амбиц байх учиргүй. Дэлхийн ноён оргил өөд авирахдаа зөвхөн урдах ажлаа л бодох ёстой.
Эверестийн оргил өөд тэмүүлсэн анхдагчдын нэг болох Британийн уулчин Жорж Мэллори хамтрагч Эндрю Ирвиний хамтаар 1924 онд ор сураггүй алга болсон. Тэр хүсэл мөрөөдөлдөө хүрсэн үгүй нь нууц хэвээр. Мэллоригийн цогцсыг 75 жилийн дараа л илрүүлж байв. Харин Ирвиний цогцсыг олоогүй л байна.
Гэрчүүд хэзээд л байдаг. Тэдний үгээр тухайн уулчин хаанаас ангал руу хөл алдсаныг тодорхойлж, тухайн бүсэд эрлийн ажиллагааг эхлүүлдэг. Эрлийн ажил нь нүүлгэн шилжүүлэхээс асар их хугацаа шаарддаг.
Бас нэг асуудал нь цаг агаар. Эверестэд авиралтын хоёр л улирал бий. Муссоны өмнөх ба дараах үе.
Өнгөрсөн онд Балбын эрх баригчид түүхэн дэх хамгийн олон зөвшөөрөл олгосон. 2023 онд нийт 478 уулчин ноён оргилыг зорьсон. Үүнд шерпа, туслахуудын тоо ороогүй.
Эльбрусын оргилд гурван давхар байшинтай тэнцэхүйц зэвэрсэн лаазны овоо үүссэн бол Эверестийн оргилын тухай ярилтгүй. Нэг грамм бүр алтаар хэмжигдэнэ. Нэг грамм ачаатай дээш гарч, буухад туйлын хүнд учир хэрэггүй ачаанаас аль болох салахыг хичээдэг. Уут сав, хүчилтөрөгчийн баллон болон маск, унтлагын мешок, аяга таваг. Энэ бүгд л ачаа.
Техникийн хүндрэлүүд
Нэг цогцсыг уулын хормойд зөөхөд 6-8 хүн шаардлагатай. Аврагч шерпанууд хөлдсөн цогцсыг гаргахын тулд цас, мөсийг цавчина. Эл хүнд ажил хэдэн цаг үргэлжлэх нь их. Бэлтгэл сайтай уулчин ганцаар хөдсөн цогцсыг хөдөлгөж дөнгөхгүй. Гурваас дөрвөн хүний хүчээр цогцсыг дамнуурга дээр тавьж, тал талаас нь барин доош гулгуулдаг байна. Ийн хоёрдугаар баазад ирэхэд нисдэг тэргээр цогцсыг авч явна. Энэ бүх ажиллагаа хэдэн хоног тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүн. Цаг агаар муудах, хүчилтөрөгч дутагдах зэрэг хүндрэлүүд тулгарна.
Хөлдсөн цогцос 150 кг хүртэл жин татдаг байна. Ийм ачаа тээвэрлэн гүн хавцал дээгүүр гарна. Цаг агаар хэзээ ч өөрчлөгдөж магадгүй. Ийм нөхцөлд аврагчдын өөрсдийнх нь амь нас эрсдэлд ордог.
Нисдэг тэрэг 6.4 мянган метрээс дээш өндөрт хөөрч бараг чадахгүй. Тиймээс зөвхөн хүний хүчээр гүйцэтгэдэг энэ ажиллагаа асар өндөр зардалтай. Хэдэн арваас хэдэн зуун мянган ам.доллароор үнэлэгддэг байна.
2017 онд Энэтхэгийн Засгийн газар 2016 онд Эверестийн оргилд амиа алдсан гурван уулчныхаа шарилыг авахын тулд “Seven Summit Treks” компанид 200 мянган ам.доллар төлж байжээ. 1984 онд хоёр аврагч Германы уулчин Ханнелора Шмацын шарилыг буулгах гэж байгаад амиа алджээ.
Талийгчийн гэрээслэл
Дэлхийн дээврийг эзэгнэхээр зориг шулуудсан уулчид амиа алдсан тохиолдолд шарилыг нь Эверестэд үүрд үлдээхийг гэрээслэх нь бий. Зарим нь ар гэрийнхэндээ асар их зардал, чирэгдэл учруулахгүйн тулд ингэдэг бол зарим нь амьд ахуйд нь асар их үнэ цэнтэй байсан тэр газраа мөнхийн амар амгаланг олох далайчдын уламжлалыг дагана.
Ямартаа ч уулчид авиралтаа эхлэхээс өмнө зохион байгуулагч компанитай амиа алдсан тохиолдолд шарилыг нь хэрхэх тухай гэрээ байгуулдаг байна.
Найман км өндөрт бидний биед юу тохиодог вэ?
Хүний бие организм 8000 метрийн өндөрт амьдрахад дасан зохицоогүй. Оргилд ойртох тусам амьсгалахад бэрх болж, далайн түвшнээс 8000 м дээш өндөрт “үхлийн бүс” эхэлнэ.
Энд агаар дахь хүчил төрөгчийн хэмжээ маш бага тул бидний бие аажмаар, эс бүрээр үхэж эхэлдэг.
Хүчилтөрөгчийн асар их дутагдал харвах, зүрх зогсох эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй мэдрэхүй, хариу үйлдлийг удаашруулж, нөхцөл байдлыг үнэлэх, зөв шийдвэр гаргах чадваргүй болгодог байна.
Амандаа гуурстай гүйхтэй адил
Бидний бие организмын хувьд далайн эрэг, баг өндөрлөгт байрлах хотууд нь амьдрахад хамгийн таатай орчин. Өндөрт гарах тусам даралт багасаж, улмаар амьсгалахад уушгинд орох хүчилтөрөгч багасдаг. 3600 орчим метрийн өндөрт амьсгалах бүрд хүчилтөрөгчийн хэвийн хэмжээнээс 60 хувьтай тэнцэх хүчилтөрөгч авч, улмаар хүчилтөрөгчийн өлсгөлөн эхэлнэ. Үхлийн бүсэд уулчдаас авсан цусны дээжид хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн хэмжээнээс дөрөв дахин бага байжээ. Энэ үзүүлэлт үхлүүт байгаа өвчтөнд л ажиглагддаг гэж шинжилгээ хийсэн эмч Жереми Уиндзор тайлбарлажээ.
Хүчилтөрөгчийн хангамжийг хэвийн хэмжээнд нь барихын тулд зүрх хурдан буюу нэг минутад 140 удаа цохилж эхэлдэг байна. Улмаар харвах, зүрх хаагдах эрсдэл нэмэгддэг.
АНУ-ын уулчин Дэвид Брешерс 8000 м өндөр авирахыг амандаа зуусан гуурсаар амьсгалан холын зайнд гүйхтэй зүйрлэж байжээ.
Ханиахад хавирга цуурна
Эрсдэлийг бууруулахын тулд уулчид бие организмаа уулын өвчин, үхлийн бүсийн эрс тэс нөхцөл байдалд аажмаар дасгадаг. Хүчилтөрөгчийн дутагдлыг бага ч атугай тэнцвэржүүлэхийн тулд бидний бие организм гемоглобин буюу хүчилтөрөгчийн молекулыг тээвэрлэдэг цусны улаан бөөмийн уураг идэвхтэй ялгаруулж эхэлдэг. Үүний улмаас цус өтгөрч, зүрхэнд ачаалал өгнө.
Зарим уулчдын уушгинд шингэн хуримтлагдаж эхэлдэг ба үүнийг өндрийн уушгины хаван гэдэг байна. Үүний улмаас уулчин амьсгаадаж эхэлдэг ба хүчтэй ханиахад хавирга нь цуурдаг.
Сохрох эсвэл хий зүйл харах
Үхлийн бүсэд хүчилтөрөгчийн дутагдалд ороход тархи мөн хавагнадаг байна. Үүний улмаас бодох, шийдвэр гаргахад хүндрэлтэй болдог аж. Зарим нь түр хугацаанд сохорно.
Хамгийн аюултай нь зарим уулчид өндрийн солиоролд ордог байна. Өөрөөр хэлбэл тэд бодит байдлаас тасарч, хаана байгаагаа мартдаг. Хий юм сонсож, харж эхэлдэг байна.
Энэ үед уулчид хувцсаа тайлж, хий хоосон хүмүүстэй ярьж эхэлсэн зэрэг тохиолдлууд элбэг бий.
Ухаан саруул үлдсэн ч үхлийн бүсэд бие организм хэвийн ажиллахаа больдог. Сульдсан, хараа муудсан үед хөл алдаж, унах эрсдэл нэмэгддэг. Зөв шийдвэр гаргах, бодох чадваргүй болсноор төөрөх, аюулгүй байдлын бүсээ бэхлэх эсвэл хүчилтөрөгчийн нөөцөө цаг тухайд нь бэлтгэхээ мартдаг аж.
Тийм ч учраас Эверестийг эзэгнэгчид үхлийн бүсээс аль болох хурдан гарахыг хичээдэг. Оргилд гарах сүүлийн дайралтыг нэг өдөрт амжуулдаг. Гэвч оргилд гарахаар хэдэн цаг дараалалд зогсох нь зарим уулчдын хувьд үхлийн дараалал болох нь бий.
Сэтгэгдэл ( 1 )
Амьдралаас уйдсан хүмүүсийн хийх ажил юм шиг байна. Гэхдээ нэр төртэй ажил.