Балбын эрх баригчид Эверестийн Кхумбу мөсөн хүрхрээ дээгүүр ачааны дрон нисгэх зөвшөөрлүүдийг гэнэт цуцалсан нь уулчдад шаардлагатай ачаа хүргэх, уулнаас хог хаягдлыг буулгах улирлын шинжтэй ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж Explorersweb сайт мэдээлжээ.
“Airlift Technologies” компанийн захирал Раж Бикрамын мэдээлснээр, дрон ашиглах зөвшөөрлийг цуцалсан шалтгааныг тайлбарласан тайлбар аваагүй байна. Энэхүү шийдвэр нь уулчдад шаардлагатай тоног төхөөрөмж, ачаа хүргэхэд дрон ашиглахаар төлөвлөж байсан аялал жуулчдын компаниудад томоохон цохилт болжээ.
Түүнчлэн, энэ жил дроны тусламжтай 10 тонн хог хаягдлыг буулгахаар төлөвлөж байсан нь мөн бүс нутгийн экологийг хадгалж үлдэхэд чиглэсэн чухал алхам байсныг онцолжээ.
Ачааны дроныг өнгөрсөн оноос эхлэн Эверест уулан ашиглаж эхэлжээ. Аялал жуулчлалын компаниуд ихэвчлэн Хятадад үйлдвэрлэсэн, 100 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай DJI FlyCart 100 дроныг нэгдүгээр кэмп хүртэл ашигладаг байна.
Орон нутгийн эрх баригчид дрон ашиглах дүрэм журамтай холбоотой аюулгүй байдлын асуудлын улмаас ийм шийдвэр гаргасан байж магадгүй гэж The Tourism Times хэвлэл таамаглажээ.
Хэд хэдэн багийн шерпа нарын хамтын хүчин чармайлтаар жим гаргаад байна. Мөн гуравдугаар кэмпийг тохижуулахаар ажиллаж байгаа бол уулчдын эхний багууд хоёрдугаар кэмп рүү авирахаар бэлтгэлээ хангаад байна.

Сэтгэгдэл ( 1 )
Авирагчдыг хордуулаад онгоц дуудаж зөөвөрлөөд эрүүл мэндийн даатгалаас их мөнгө авдаг байсан мэдээ гарсан. Аягүй бол буулгасан цогцоснуудаас хор илэрнэ гэж айсан юм байна л даа. Манай уулчин ч бас тэнд байгаа аягүй бол эм уулгаад унтуулсан биз. Тэгвэл тэр уулчдын өмнөөс асар их мөнгөний нэхэмжлэл гарч мэдэх учраас Балбын ЗГ дроноор цогцос болон бусад зүйлс тээвэрлүүлэхгүй санаатайгаар ийм арга хэмжээ авчдээ.