2025 оноос төлөх 1.2 тэрбум ам.долларын өр ба ШИНЭ ТЕНДЕР

2022 оны 01 сарын 11

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж эхэлбэл, Монгол Улс дотоодын шатахууны хэрэглээнийхээ 55-60 хувийг хангах боломжтой гэсэн мэдээллийг албаныхан өгдөг. Бүтээн байгуулалтын хугацаанд 6000 хүнийг ажлын байраар хангаж, цаашид тогтмол 600 ажлын байр хадгалж, гадаад худалдааны алдагдлыг 1 тэрбум ам.доллароор бууруулах ач холбогдолтой гэх тооцоололтой тус бүтээн байгуулалтын явцын мэдээлэл манай тухайд чухал.

Тэгвэл УУХҮЯ-наас өчигдөр /2022.01.10/  өгсөн  мэдээллээр Үйлдвэрийн технологийн бус барилгын ажил /EPC-1/-д шаардлагатай 4000 тонн бараа материал 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод ирж ачааг боомтын талбайд бүрэн буулгажээ. Одоогийн байдлаар ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Бүтээн байгуулалтын хүрээнд Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд хүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд буй юм байна.  

Мөн Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтын тендерийг 2021 оны аравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байна гэсэн мэдээллийг өгч буй юм.

 

Тодотгоход,  Үйлдвэрийн бүтээн байгуулалт дараах дөрвөн үе шатаас бүрдэж байна.

 

  • EPC1 Технологийн бус барилга байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл
  • EPC2 Анхдагч процессийн болон дагалдах байгууламжууд
  • EPC3 Үйлдвэрийн цахилгаан станц
  • EPC4 Гүн боловсруулалтын лицензтэй технологийн ГТБҮ-ийн байгууламжууд

 

 

Хүчин чадал:

  • Жилд 1.5 сая тн газрын тос боловсруулах үйлдвэрлэл /Евро-5 стандарт/
  • Автобензин 339 мян.тн
  • Дизель түлш 824 мян.тн
  • Онгоцны түлш 80 мян.тн
  • Шингэрүүлсэн шатдаг хий 43 мян.тн
  • Зуухны түлш 47 мян.тн

 

Сануулахад, УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард Энэтхэг улсад айлчилсан. Энэ үеэр яригдсан үндсэн сэдвүүдийн нэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар байв. Энэтхэгийн талаас тус үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахад дэмжин ажиллана гэсэн байр суурийг илэрхийлээд, манай спикерийг буцаасан талаар мэдээлж байсан билээ.

Манай талаас одоогоор үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажил дуусч, өнгөрсөн нэгдүгээр сараас технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн гэсэн мэдээллийг Энэтхэгийн талд өгч байсан. Түүнчлэн төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ложистикийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч, түүхий тос тээвэрлэх хоолойг үйлдвэр ашиглалтад орохоос даруй зургаан  сарын өмнө барьж байгуулахаар төлөвлөж байна гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл  УУХҮЯ-ны мэдээллээр  EPC2 үе шатны тендерийн үнэлгээний ажил ямар ч байсан явагдаж байна. Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байна.

Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж буй  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд мэдээлэл хийхдээ  “2018 оны арван хоёрдугаар сард үндсэн технологийн 12 байгууламжтай үйлдвэрийн ТЭЗҮ-ээ батлуулахдаа 2024 онд барилгын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн.  Харин өнөөдрийн байдлаар барилга, угсралтын ажлыг 2025 онд дуусгахаар төлөвлөөд ажиллаж байгаа” гэсэн юм.

Үнэндээ бол үйлдвэр ашиглалтад орох хугацаа  2022 он гэсэн мэдээллийг эрх баригчид өмнө нь өгч байсан удаатай. Дараа нь Засгийн газраас 2023 онд үйлдвэрийг ашиглалтад хүлээн авна гэх мэдээллийг өгч байсан бол энэ хугацаа дахин хойшилж, 2024 он болсон. Тэгвэл одоо 2025 он болж хойшлоод байна.

Сануулахад,  Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үедээ найман жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэдгээ мэдэгдээд буцаж байв.

Модигийн айлчлалаас 10 сарын дараа буюу 2016 оны дөрөвдүгээр сарын эхээр Монголын Засгийн газрын төлөөлөгчид Дели хотноо очицгоож, 1 тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцээ хийсэн байдаг. Улмаар зээлийн хүүг жилийн 1,75%, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг долоон жил байхаар тохиролцсон юм.

Энэ зээлийн талаар тодотгохын учир нь,  Газрын тосны үйлдвэрийг уг зээлээр барьж, байгуулж байгаа билээ. Манай улс анх зээлсэн 1 тэрбум ам.доллар дээр нэмээд 236 сая ам.долларын зээл авсан бөгөөд үндсэн төлбөрийн төлөлт 2025 оноос хийгдэж эхлэх товтой. Тэгэхээр үйлдвэр 2025 онд үүдээ нээхтэй зэрэгцэн Монгол Улс өрөө төлж эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top