2020 оноос хойш анх удаа ачааны галт тэрэг Хойд Солонгосын хилээр орлоо

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Хятадын Даньдун хотоос даваа гарагт /2022.01.17/ гарсан ачааны тэрэг 2020 оноос хойш анх удаа хилийн Ялу голын гүүрээр гарч, Хойд Солонгосын хилээр нэвтэрчээ. БНАСАУ нь цар тахал дэгдсэнээс хойш хилээ бүрэн хаагаад байсан юм.

Энэ чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг мягмар гарагаас нээж, галт тэрэг өдөр бүр явах гэнэ.

Сэтгүүлч, шинжээчид болон БНСУ-ын Засгийн газар дахь эх сурвалжууд Хятадын Даньдун хотод зүтгүүр, нэг зорчиг тээвэр, 13 ачааны вагон бүхий цуваа Хойд Солонгосоос ирж, ачаа ачсаныг баталжээ. Даваа гарагийн өглөө галт тэрэг Хойд Солонгос руу буцсан ба мөн өдрийн өглөө 07.00 цагт Хойд Солонгосоос 15 вагон бүхий дараагийн ачааны галт тэрэг ирсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Коронавирусний халдвар анх дэгдсэнээс хойш тус хоёр улсын худалдаа зөвхөн далайн тээврээр хязгаарлагдаж байсан аж. БНАСАУ-ын худалдааны нийт эргэлтийн 90 гаруй хувь БНХАУ-д ногддог байна. Тиймээс төмөр замын тээврийг зогсоосноор Хойд Солонгосын эдийн засагт ихээхэн хохирол учирчээ. Хятадын Даньдун хотоос Хойд Солонгос хүрэх төмөр зам нь хоёр талын газрын ачаа тээврийн гол чиглэл юм.

БНХАУ-ын статистик мэдээллээс үзвэл, 2021 оны эхний 11 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар буурч, 267.2 сая ам.доллар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top