МЮ-гийн Мэйсон Гринвуд хүчирхийллийн хэргээр баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Английн Манчестер хотын Цагдаагийн газар "Манчестер Юнайтед" багийн залуу довтлогч Мэйсон Гринвудыг хүчирхийллийн хэргээр баривчиллаа.
 


Түүний найз бүсгүй Харриет Робсон ням гарагт зодуулсан зураг, хүчиндүүлж байгаа аудио бичлэгээ дэлгэн, инстаграмдаа “Гринвуд намайг яадгийг мэдэхийг хүсэж байгаа хүмүүст” гэж бичсэн байлаа.

Аудио бичлэг дээр Мэйсон бүсгүйг секс хий хэмээн бүдүүлгээр тулгаж байгаа дуу хоолой нь сонсогдож байгаа юм.
 


МЮ баг эхлээд “Олон нийтийн сүлжээнд явж байгаа зургийн талаар бид мэдсэн. Гэхдээ баримтаар нотлогдоогүй цагт ямар нэг мэдэгдэл хийхгүй” гэж байсан ч дараа нь Гринвудыг тоглолт, бэлтгэлээс чөлөөлсөн байна.
 


Харриет Робсон Гринуд хоёр нэг сургуульд суралцаж байсан эртний танилууд ажээ. 2019 оноос эхлэн үерхсэн. Хэрриет олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй, инста хуудсыг нь 234 мянган хүн дагадаг.
 


Гринвуд анх удаа хэрэгт орооцолдож байгаа нь энэ биш.

Өмнө нь 2020 оны есдүгээр сард Исландад шигшээ багийн тоглолтод очихдоо Фил Фодены хамт буудлын өрөөндөө нутгийн бүсгүйчүүдийг урьж, цар тахлын хөл хориог зөрчсөн. Исландын Цагдаагийн газраас тэднийг тус бүр 1360 фунт стерлингээр торгосон бол Английн багийн дасгалжуулагч Гарет Саутгейт Данитай хийх тоглолтоос хасаж байлаа.

Мөн The Sun-д Гринвуд гааз үнэрлэж байгаа бичлэг тавигдсан. Мэйсон бөмбөлгийг гаазаар хийлээд дараа нь доторхи азотын оксидийг үнэрлэж байлаа.

2020 оны арваннэгдүгээр сард The Athletic-т гарсан нийтлэлд “Гринвуд багийн дүрмийг байнга зөрчдөг. Нэг удаа бэлтгэл дээр огт гүйхгүй байсан түүнийг Бруну Фернандеш загнаж байсан” гэж бичсэн байв.

20 настай авьяаслаг залуу тоглогчийн ирээдүй ийнхүү бүрхэг боллоо.

Гэрбүлийн хүчирхийллийг Их Британид эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг. Ийм хэрэг үйлдсэн этгээдэд 5 хүртэлх жилийн ял, хэрэв хүчингийн хэрэг давхар хийсэн бол -7 жилийн ял оноодог. Хэрэв гэм буруутай нь нотлогдвол Гринвудын замнал төгсөж ч магадгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top