Жамболат Тедеев: Монголчуудад туслахад хэзээд бэлэн

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

ОХУ-ын Красноярск хотод чөлөөт бөхийн "Гран-при Иван Ярыгин-2022" тэмцээн өндөрлөлөө. Оросын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев Оросын сэтгүүлчдэд ярилцлага өгч, тэмцээнийг дүгнэжээ.


-Ярыгиний нэрэмжит тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Та сэтгэгдлээ хуваалцана уу?

-Иван Сергеевич Ярыгинтай миний амьдрал салшгүй холбоотой. Би 19 настайдаа анх ЗХУ-ын шигшээд багтахад тэрээр шигшээг удирдаж байсан. Шигшээ багтай холбоотой уламжлал, ялалтын буухиа бүгдийг Иван Ярыгин бүтээсэн. Түүний нэрэмжит тэмцээн хэрхэн эхэлж байсныг сайн санаж байна. Би хоёр удаа түрүүлсэн. Харамсалтай нь одоо Иван Сергеевич бидэнтэй цуг байхгүй. Гэхдээ түүний нэр бол мөнх, энэ тэмцээн дэлхийн хамгийн том тэмцээний нэг. Хүчтэнүүд цуглардаг тэмцээн. Цар тахлын хүнд үед ч олон томчууд ирлээ. Зохион байгуулалтаар Гран При Ярыгин бол олимп, ДАШТ-ийг ч даван гарсан тэмцээн.  

-Наталья Ярыгина жилийн дараа Ярыгиний нэрэмжит тэмцээн ДАШТ-ий сорилт  тэмцээн болно. Бас олимпын чансааны оноо өгдөг болно гэсэн?

-Би энэ санааг дэмжиж байгаа. Чансааны тэмцээн болбол нэг улсаас 3 бөх оролцох зэрэг хязгаарлалт гарч ирнэ. Гэхдээ бид жинхэнэ шилдгүүд л ирэхээр сонгон шалгаруулалтыг хийнэ. Мөн чансааны тэмцээнд заавал сонгомолын тэмцээн багтах ёстой. Хэрэв ДБНХ-ноос зөвшөөрвөл жилийн дараа энэ тэмцээн улам сонирхолтой болно.

-Та энэ тэмцээнээс олимпын аварга гурван бөхийг л чөлөөлсөн. Гэтэл өөр олон сайн бөх барилдсангүй...

-Тэмцээнд орохоор бэлтгэж байсан олон бөх харамсалтай нь ковид туссан. Европын АШТ-д оролцох бүрэлдэхүүнээ хоёр цугларалт, Болгарын тэмцээний дараа тодруулна. Халдвар аваад тэмцээнд орж чадаагүй бөхчүүдийг сонгон шалгаруултад оруулах эсэхээ дараа шийднэ.

-97 кг-д Америкийн Кайл Снайдер түрүүллээ?

-Кайл агуу тамирчин. Тав дахь удаагаа Красноярскт ирлээ. Их баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөгийн улс төр, цар тахлын хүнд үед Орост ирнэ гэдэг том хэрэг. Снайдер, АНУ-ын шигшээ баг Орост бож байгаа бүх тэмцээнд ирж байгаасай гэж хүсдэг. Бид ч гэсэн АНУ-д болдог тэмцээнүүдэд бүрэн бүрэлдэхүүнээр оролцмоор байна. Энэ жил Америкт Дэлхийн Цомтой. Манай багийнхны виза бүгд гарна гэж найдаж байна.

-Хүнд жинд манайх огт бөхгүй болжээ. Та юу гэж дүгнэж байна?

-Орос улс уг нь хэзээ ч хүнд жингийн бөхөөр дутаж байгаагүй. Харин одоо ёстой эмгэнэл болж байна гэж хэлмээр байна. Гурван жилийн өмнө Анзор Хизриев Европын наадамд түрүүлсэн. Бид түүнд их итгэл хүлээлгэж байтал бэлтгэл дээр гэмтчихсэн. Тэр одоо л эргэн ирж байна гэхэд болно. Одоогийн байдлаар манайд түүнээс илүү хүнд жингийн бөх алга. Анзорыг дэлхийд медаль авахуулахын тулд ажиллана.

-Та саяхан Монголын нийслэл "Улаанбаатар хотын хүндэт одон"-гоор шагнуулсан. Таны хувьд энэ шагналыг хэрхэн тодорхойлох вэ?

-Миний хувьд маш чухал шагнал. Манай холбоо Монголын чөлөөт бөхийн холбоотой нягт хамтран ажиллаж байгаа. Орос бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийсний дараа Монголд чөлөөт бөхийн түвшин ахидаг гэж тэд байнга хэлдэг. Бид монголчуудтай ОХУ-д уулзах болгондоо баяртай байх болно. Монголчуудад туслахад хэзээд бэлэн.
 


Тодруулга: Жамболат Тедеев өнгөрсөн 12 дугаар сард нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазарын урилгаар Монголд айлчилсан юм. Айлчлалын үеэр Парис 2024 олимпын циклд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, жилд гурваас доошгүй хамтарсан бэлтгэлд ОХУ-ын шигшээ багийг хүлээн авах, хэрэв Монголын тал Дэлхийн шигшээ багийг бүрдүүлбэл олимпын аваргуудаа Монголд авчирч халз барилдаан зохион байгуулж, Монголын чөлөөт бөх дэмжигчдэд дэлхийн шилдгүүдийн барилдааныг үзүүлэх гэх мэт тодорхой ажлуудыг төлөвлөсөн билээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkk(178.235.177.159) 2022 оны 02 сарын 01

Temceen sul bolson olon oron tatgalzaad.....

0  |  0
зочин(150.129.142.30) 2022 оны 02 сарын 03

Уг нь монголчуудыг дорд үзээд доромжлоод л явдаг орос ш дээ энэ Тедеев, одоо л их сайн болчихож гэнэ

1  |  0
Zochin(64.119.19.84) 2022 оны 02 сарын 03

Mundag hudulmurch shu Sumiyabazar

0  |  2
Top