Тонгагийн Тосонцэнгэлийг орлосон Натан Крамптон гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 05

Бээжингийн олимпын наадмын нээлтийн ёслолын гол од нь Америкийн Самоагийн Натан Крамптон байлаа. Тэрээр үндэсний хувцастай гэхээсээ илүү хагас нүцгэн гарч ирсэн юм. Цэнгэлдэх хүрээлэнд хасах 5 хэмийн хүйтэн, бүх тамирчид өдөн хүрэм, дулаан хувцастай байсан ч Натан тоосон шинжгүй алхаж байлаа.

Рио, Пёнчаны олимпын нээлт дээр нүцгэн жагссан Тонгагийн Пита Тауфатофуаг санагдуулж байв. Пита энэ жилийн олимпод ирээгүй ч инстаграм хуудсаараа дамжуулан “Самоагийн төлөөлөгч сайн байна” гэж Натаныг магтсан байна.

Ингэхэд Натан Крамптон гэж хэн бэ?

Тэрээр 36 настай. Бээжингийн олимпод оролцох Америкийн Самоагийн цорын ганц тамирчин. Энэ улсын тамирчин Өвлийн олимпод хамгийн сүүлд 1994 онд өрсөлдөж байжээ.

Натан Крамптон скелетоны Дэлхийн Цомд 26 дугаар байрт жагсаж, олимпын эрхээ авсан. Сонирхолтой нь тэрээр ердөө хагас жилийн өмнө өндөрлөсөн Токиогийн олимпын наадамд хөнгөн атлетикаар оролцож, 100 метрт гүйсэн. Мөн хаалтын ёслолд тугчаар ажилласан юм.

Африкийн Кенид төрсөн. Аав нь америк хүн бөгөөд байнга ажлаар дэлхий тойрон явдаг байжээ. Натан Африк, Австралид амьдарч байгаад АНУ-д ирж, хөнгөн атлетикаар хичээллэж эхэлжээ. 100 метрээс гадна уртын харайлтад ч хүч сорино. Гэвч 2010 оноос скелетоныг сонгож, 2014 онд анх удаагаа дАШТ-д хүч үзсэн байна. 2016 оны ДАШТ-д наймдугаар байр эзэлсэн нь түүний хамгийн том амжилт. 2018 оны Пёнчаны олимпын эрхээ авсан ч гэмтлийн улмаас орж чадаагүй гэнэ.

2020 онд түүнийг Америкийн Самоагийн шигшээ багт урьсан. Тэр цагаас хойш Натан шинэ эх орноо дэлхийн дэвжээнд төлөөлж байна. Энэ сарын 10-нд тэр скелетоны тэмцээндээ орно. 55 мянган хүн амтай бяцхан Самоагийн спортын гол од нь Натан болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top