Газрын тосны үнийн өсөлт 7 дахь 7 хоногтоо үргэлжилж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн өсөлт долоо дахь долоо хоногтоо үргэлжилж буйг Reuters мэдээллээ. Энэ сарын 4-ний өдөр Брент төрлийн тосны үнэ баррель тутамд 2,16 ам.доллар буюу 2,4%-иар өсөж, 93,27 ам.долларт хүрсэн бол  Хойд Америкаас олборлодог,  хүхрийн агуулга багатай WTI маркийн газрын тосны үнэ 2014 оны есдүгээр сараас хойших  хамгийн өндөр буюу 93,17 ам.долларт хүрлээ.

Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 88,96 ам.доллар, WTI төрлийн тосны үнэ  86,36 ам.долларт хүрсэн нь 2014 оны аравдугаар сараас хойших түүхэн дээд үнийн түвшин болоод байгааг мэдээлж байсан билээ.

Тэгвэл газрын тосны үнийн өсөлт ийнхүү тогтвортой үргэлжилж байна. “Reuters”-ийн мэдээлэлд, АНУ-ын хүйтэн цаг агаар, дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн дунд үргэлжилж буй улс төрийн үймээнтэй  холбоотой нийлүүлэлт тасалдсаны улмаас газрын тосны үнийн өсөлт долоо дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

2022 он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр газрын тосны эрэлт хэрэгцээ их байгаа тул газрын тосны үнэ 20 орчим хувиар өссөн цаашид 100 ам.доллар/баррелиас давах магадлалтай гэж олон улсын шинжээчид үзэж байна гэжээ.

Мэргэжилтнүүд газрын тосны үнийн өсөлт  өнгөрсөн арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн тогтмол өсөлттэй байгааг   дэлхийн эдийн засгийн сэргэлт, нөөцийн хомстол, үйлдвэрлэлийн хүчин чадал хангалтгүй байгаа зэрэг олон асуудлууд нөлөөлж байна гэж тайлбарлаж байгаа.

Газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлын нөлөөгөөр газрын тосны үнэ богино хугацаанд өндөр түвшинд хэлбэлзэж, 2022 оны эхний улиралд баррель газрын тосны үнэ 90 ам.доллароос  дээш өсөх хандлагатай гэж олон улсын судалгааны байгууллагууд таамаглал дэвшүүлж байсан.

“Голдман Сакс”-ын судалгаагаар Брент төрлийн газрын тосны үнэ энэ  оны эхний улиралд 90 ам.доллар, 2 дугаар улиралд 95 ам.доллар, 3,4 дүгээр улиралд 100 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал гарсан.

Тэгвэл “Rystad Energy”-ийн газрын тосны зах зээл хариуцсан албаны дарга Бьорнар Тонхауген “Газрын тосны үнэ богино хугацаанд 100 ам. доллар хүртэл өсөхийг үгүйсгэх аргагүй" гэсэн байна.

АНУ-д, ялангуяа Техас мужид цаг агаарын нөхцөл байдлын улмаас газрын тосны үйлдвэрлэлд саатал үүсэж болзошгүй байгаагийн сацуу ОХУ, Украины хил дээр олон мянган цэрэг  цуглуулж, АНУ болон түүний холбоотнуудтай хурцадмал байдлыг өдөөсөн геополитикийн эрсдэлээс үүдэн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлж буй аж.

Мөн Олон Улсын Эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-ийн гаргасан судалгаагаар энэ онд дэлхийн газрын тосны эрэлт өнгөрсөн оныхоос өдөрт 4,2 сая баррелиар нэмэгдэж 100,6 сая баррельд хүрэх, газрын тосны олборлолт өнгөрсөн оныхоос өдөрт 5,3 сая баррелиар нэмэгдэх төлөвтэй байна гэж үзсэн байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top