БЭЭЖИН -2022 I Тэшүүрийн их гүрэн Нидерланд

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Ц.Энхтүвшин  Таван цагариг сонин

"Бээжин-2022" Өвлийн олимпийн XXIV наадам "хөшгөө" хааж, түүх болон үлдлээ. Дараагийн, 2026 онд Италийн Милан-Кортина д' Ампеццод болох Өвлийн олимпийн XXV наадам хүртэл сунайсан 1447 хоног байна даа.

Зуны болон Өвлийн наадам, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт томоохон уралдаан тэмцээн дуусахаар сэтгэл нэг л хоосроод , цаанаа нэг л уйтай болоод явчихдаг даа. Олуулаа бужигнаж байгаад л бүгд явчихаар ямар байдаг билээ, нэг тиймэрхүү мэдрэмж...

Хэд хоног л тийм мэдрэмжтэй байдаг юм. Тиймээс ч олимпийн дараа " хоосордог" тэр хэд хоногоо олимпоо ярьж, бичиж, бодол саналаа хуваалцаж, дахиад хэд хоног ч гэсэн олимптойгоо, та нартайгаа хамт байя гээд "Олимпийн базаагаа" үргэлжлүүлж байгаа билээ.

ТЭШҮҮР:

"Бээжин-2022" Өвлийн олимпийн XXIV наадмын хамгийн олон цогц медальтай төрөл нь тэшүүр( speed skating) . Өвлийн спортын төрлүүдээс хамгийн "ахмад" нь. Олон Улсын тэшүүрийн холбоо нь 1892 онд Холландад байгуулагдаж, 1924 оны хамгийн анхны өвлийн олимпоос эхлэн тэшүүр  олимпийн хөтөлбөрт багтсан "ууган" төрөл л дөө.

"Бээжин-2022" олимпийн тэшүүрийн уралдаан болсон " National Speed skating" ордон нь олимпод зориулан шинээр барьсан цорын ганц битүү спортын ордон  юм . Энэ шинэ мөсөн дээр Дэлхийн рекорд нэг, Олимпийн рекорд есөн удаа шинэчлэгдсэн нь тамирчдын амжилтаас гадна, мөсний чанар сайн байсныг илтгэнэ. Тэшүүрийн замын мөс ингэхэд уран гулгалт, хоккей, шорт-трекийн мөснөөс илүү хатуу, мөн нимгэн ( 30 мм -ээс зузаангүй) байдаг гэдгийг энэ дашрамд сануулая.

За мэдээж уламалал ёсоор "Улбар шарууд" буюу Холландчууд  Бээжингийн тэшүүрийн мөсөн замд илт давамгайлсан. Холландчууд 6 алт, 4 мөнгө,3 хүрэл авч багийн дүнгээр тасархай тэргүүлсэн билээ.

"Бээжин-2022" олимпоор бид олимпийн дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальт, ДАШТ-ий 30 алтан (Олон төрөлтийн 9 алт, зайн 21 алт) медальт Холландын домогт тэшүүрчин Свен Крамерийг мөсөн замд сүүлчийн удаа харж, түүний эрин өндөрлөж буйг мэдлээ.

Тэртээ 16 жилийн өмнө "Турин-2006" олимпийн аварга болж байсан алдарт Ирене Вюстийн таван олимп (2006,2010,2014,2018,2022) дараалан алтан медаль авч, түрүүлэхэд нь "гэрч" боллоо. Чехийн цуут Мартина Сабликоваг медаль зүүхийг үзлээ.

Тэшүүрийн шинэ од Шведийн Нильс ван дер Пул ( аав нь холланд) гэдэг залуу хоёр зайд түрүүлэхийг харж, "танилцлаа".

Америкийн "бор" бүсгүй Эрин Жэксон гээд 23 настайдаа анх мөсөн дээр гарсан хүн зургаахан жилийн дараа олимпийн аварга болоод зогсож байхыг ч үзлээ.

2014 оны Сочигийн олимпод мөнгөө цуглуулж, хандив цуглуулж байж орж байсан Бельгийн Барт Свингс гэдэг залуу найман жилийн дараа нүүр бардам олимпийн  аварга болж, Бельги эх орондоо 74 жилийн дараа Өвлийн олимпийн хоёр дахь алтан медалийг авч өгч  буйг ч бас харлаа.

ХХ зууны Холливудын од , жүжигчин Жина Лоллобрижидагийн ач охин Франческа Лоллобрижидаг мөнгө, хүрэл зүүж буйг үзлээ.

Гэхдээ "Бээжин-2022" олимпийн тэшүүрийн замд тодорсон гол баатар бол дээр дурьдсан тэшүүрчдийн хэн нь ч биш харин Холландын Ирен Схаутен юм. Тэрбээр эмэгтэйчүүдийн 3000м, 5000м болон бөөн гараа гээд гурван зайд алтан медаль, мөн багийн уралдаанд нөхдийн хамт хүрэл, нийт дөрвөн медаль хүзүүндээ зүүгээд харьсан.

Мөн Японы Михо Такаги нэг алт, гурван мөнгөн медалийн эзэн болсныг дурьдах нь зүйтэй байх.

Тэшүүр бол яалт ч үгүй Холландын үндэсний спорт юм даа. Өвлийн олимпийн түүхэнд Холланд 147 медаль авсан бөгөөд үүнээс 133-ыг нь зөвхөн тэшүүрээр ( 48 алт, 44 мөнгө, 41 хүрэл) авсан гээд л бод доо!!!

Мөн тэшүүрийн " хамаатан" шорт-трекээр 9 медаль авсныг нь оруулбал 147 медалийн 142-ийг нь тэшүүрээр авсан болох нь.

Холланд тэшүүрээр ийм өндөр амжилт гаргаад байдагт олон учир "жанцан" байнаа.

Юуны өмнө түүх, уламжлал. Түүхийн шарласан хуудас сөхвөл тэшүүр нь анх IX зууны үед Холландад үүссэн гэдэг юм байна. Англи skate гэдэг үг фламанд хэлний schaats үгнээс гаралтай гэж үздэг бөгөөд энэ нь яс гэсэн үг бөгөөд тэшүүрийн анхны ирийг ан, амьтны ясаар хийж байсан ажээ. Сүүлдээ мод, тэгээд XV зууны үед төмөр болоод явж.

Тэшүүрийн анхны уралдаан, тэмцээн бас л Холландад болж байж.  Elfstedentocht( 11 хотын хоорондох уралдаан)  гээд жил бүр бол тэшүүрийн холын зайн уралдаан Холландад  болдог. Анхных нь чухам хэдэн онд болж байсныг бүү мэд. Ямартаа ч энэ  уралдааны тухай бүүр 1749 онд тэмдэглэгдэн үлдсэн байдаг гэнэ.

Холландын хойд бүс болох Фрисландад өвөл ус хөлдөхөөр гол, мөрөн, нуур, суваг дамжин 11 хотыг дайран 200 км орчим уралддаг бөгөөд 1909 оноос албан ёсны тэмцээн болж өдгөөг хүртэл зохиогдсоор иржээ.

За тэгтэл анхны тэшүүрийн ДАШТ бас л Холландад 1893 онд зохиогдож.

Гэхдээ тэшүүрийн спорт орон даяар түгж, улс даяараа сонирхож эхлэхэд 1968 оны Греноблийн олимпийг анх ТВ-ээр дамжуулсан нь асар их нөлөөлсөн гэж үздэг гэнэ. Тэр олимпод Холландын гурван тэшүүрчин  Феркерк, Гейссен, Схют нар олимпийн аварга болж, Холланд даяар омогшин, за тэгээд л маргаашнаас нь бараг л хүүхэд болгон тэшүүрийн секц , дугуйланд явж эхэлжээ.

Холландын хүн амын 14 хувь буюу 2,5 сая хүн жилдээ доор хаяж нэг удаа  хөлөндөө  тэшүүр углаж, мөсөн дээр гардаг бол 55 000 хүн жилдээ 12 -оос дээш удаа мөсөн дээр гардаг гэсэн судалгаа ч байдаг аж.

Жилдээ 250 000 сурагч хүүхдүүд хичээл дээрээ тэшүүрийн тухай мэдлэг олж авдаг бөгөөд Тэшүүрийн холбоо нь сургуулийн захиалгаар 2-3 цагийн практик хичээл зааж, тэшүүр дээр тогтох, зогсох, гулгаж сургадаг гэнэ.

Хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн хийж, шагнал медаль гардуулахаас илүү зөв техник эзэмшүүлэх тал дээр илүү "тулж ажилладаг" юм байна.

Холландын тэшүүрийн шигшээ баг "Формула-1" уралдааны баг л гэсэн үг. Шинжлэх ухаан, техник технологийн хөгжил дэвшлийг ажиглаж, шинжилгээ судалгаа, туршилт хийдэг багтай, тусгай лабораторитой. Мөсний мэргэжилтэн, мэргэжлийн клубууд, эдийн засаг, санхүүгийн асуудалгүй, зөв  системтэй.

"Дэлгэсэн тэрлэг шиг" бус " алга дарам" нутаг дэвсгэртэй (41,5 км.кв), газар нутгаараа дэлхийд дөнгөж 131-д бичигддэг энэ улсад битүү дээвэртэй, хиймэл мөсөн ордон гэхэд л 22 байдаг ажээ.

Йим улсад тэр тэшүүр нь хөгжиж, тамирчид нь олимпод " бааварлах" нь аргагүй юм даа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(192.82.70.253) 2022 оны 02 сарын 22

holland gej nerlekhee alban yosoor bolij nederland gej nerledeg bolson shuu dee , enkhtuwshin guay

0  |  0
zzzzz(192.82.70.253) 2022 оны 02 сарын 22

holland gej nerlekhee alban yosoor bolij nederland gej nerledeg bolson shuu dee , enkhtuwshin guay

0  |  0
Top