Т.Жанболат: Дунджаар 8000 орчим хүнд гоо сайхны мэс заслын үйлчилгээ үзүүлсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

Казах түмний хаврын баяр-Наурызыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй  хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. “Принцесс” эмнэлгийн ерөнхий эмч Тилеубекийн Жанболатыг ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ медалиар шагналаа. Ингээд түүнтэй товчхон яриа өрнүүлсэн юм. 

-"Хөдөлмөрийн хүндэт" медалиар энгэрээ мялаасан танд баяр хүргэе? 

-Казах түмний хаврын баяр-Наурызын босгон дээр Хөдөлмөрийн хүндэт медаль авсандаа баяртай байна. Анагаах ухааны сургууль төгсөөд 17 жил эрүү нүүрний мэс засал, тэр дундаа гоо сайхны мэс заслын үйлчилгээг үзүүлсэн. Хөдөлмөр зүтгэлийг маань өндөрөөр үнэлсэн төр засгийн тэргүүндээ талархаж байна. 

-Та нийт хэдэн хүнд гоо сайхны үйлчилгээ үзүүлсэн бэ?

-Ер нь дунджаар 8 мянга орчим гоо сайхны мэс заслын үйлчилгээ үзүүлсэн. 

-Ажлын гараагаар юунаас эхэлж байсан бэ?

-2005 онд Анагаах ухааны их сургуулийн нүүр ам судлалын ангийг төгссөн. 2006 онд эрүү нүүрсний мэс заслын нарийн мэргэжил эзэмшсэн. Хамгийн анх "Ач" анагаах ухааны их сургуулийн Эрүү нүүрний мэс заслын багшаар нэг жил ажилласан. Дараа нь Ц.Гантөмөр эмч, захиралтай "Төгс ялгуун" эмнэлэгт 10 гаруй жил ажилласан. 2015 онд өөрийн "Принцесс" эмнэлгээ нээсэн. Энэ хүртэл дэмжиж ирсэн аав, ээждээ маш их талархаж байна. Мэс засал гэх нэр хүндтэй хэцүү ажил руу ороход үнэтэй хувь нэмэр оруулсан Н.Оюун багш Ц.Гантөмөр эмч, гэр бүл хань ижилдээ маш их баярлалаа. 

-Монголын гоо сайхны мэс заслын салбар хэр их хөгжиж байна гэж та үзэж байна вэ?

-Монгол Улсад сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа. Гоо сайхны мэс заслын салбар бол Монгол Улсад хөгжиж буй отгон салбар гэж хэлж болно. 1990-ээд оноос хойш хийгдэж эхэлсэн. Тухайн үед зовхины мэс засал хийлгэсэн иргэн 6-7 хоног эмнэлэгт хэвтдэг байсан. Өнөөдөр давхраа, хамар гэх мэт гоо сайхны хагалгаа өргөн хөгжиж байна. Хамрын мэс заслын тухай Солонгос улсаас туршлага судалж, чихнээс мөгөөрс авч өндөрлөдөг болсон.    

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Муратхааны Алтангүль(192.82.67.166) 2022 оны 03 сарын 21

Жанбоодоо баяр хүргэе.

0  |  0
Top