Г.Цэндсүрэн: "Усны барилга"-аас та уйдахгүй бол ус танаас уйдахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Арвандолоохон настай хүү зуны амралтаар Хэнтий аймгийн Өндөрхааны хойно усны аж ахуйн өрмийн машинистаар ажиллаж гурван худаг ухаж, 917 төг 30 мөнгөний цалин авч байсан нь Г.Цэндсүрэнгийн хөдөлмөрөө үнэлүүлсэн анхны шагнал байлаа. Анхны цалингаа ээждээ өгсөн тэрбээр усны аж ахуйн салбарт чин зүрхнээсээ дурлаж улмаар 10 дугаар ангиа төгсөөд МУИС-ийн Барилга инженерийн факультетын гидро инженерийн ангид элсэн суралцжээ. Тэр үед 24 оюутантай ангиас 13 нь мэргэжлээрээ төгсөж байсан гэдэг. Одоо бол энэ мэргэжлээр суралцаж буй оюутны тоо өдрийн од шиг болсонд харамсаж явдгаа  Г.Цэндсүрэн гуай илэрхийлж байсан юм. Амьдралынхаа 53 жилийг усны аж ахуйн салбарт зориулсан түүнд бардамнал, эмзэглэл хийгээд хэлэх үг, хийсэн ажил их ээ.


 

МОНГОЛ ОРОНДОО 1300 ГАРУЙ ХУДАГ ГАРГАСАН УСЖУУЛАГЧ

 

Г.Цэндсүрэн 1969 онд их сургуулиа төгсөөд төрөлх нутаг Хэнтий аймгийн Усны аж ахуйн удирдах газарт улсын байцаагч, ашиглалтын инженерээр томилогдов. Таван жил суралцах хугацаандаа 18 аймгаараа үйлдвэрлэлийн дадлага хийж бодит туршлагыг хуримтлуулж явсан нь чамгүй чадвар суулгажээ. Улмаар ерөнхий инженер болтлоо ажиллахдаа гэртээ үзэгдэх нь цөөхөн. Түүний хань 10 жилийнх нь нэг ангийн охин. Ямар сайндаа л Г.Цэнсүрэн гурван хүүхдээ төрөхөд нь гурвуулан дээр нь хөдөө байж таарсан гэдэг. Бас улсын төлөвлөгөө нормыг биелүүлэхийн төлөө, ард иргэддээ амьдралын эх үүсвэр болсон чандмань эрдэнийг бэлэглэхийн төлөө хөдөө гандаж явсаар хэдэн хүүхдээ хэрхэн том болсныг ч анзаараагүй шахуу.

Улсын төлөвлөгөөр 180 худаг ухах нормтой. Хаврын хавсарганаар гараад намрын хяруунаар гэртээ орж ирнэ. Г.Цэндсүрэн нийтдээ 1300 гаруй худаг ухаж хүлээлгэн өгч байсан хүн. Худаг гаргана гэдэг нарийн технологитой ажил, улсын комиссын актаар хүлээлцэх үүрэгтэй. Худаг гаргахаас жилийн өмнө хайгуулын ажил хийгдэж газрын гүндээ устай эсэхийг нь тогтоодог аж. Нэг худгийг бэлэн болгоход дор хаяж нэг сар орно. Зэлүүд зэрлэг талд нүүдэллэн амьдардаг малчин түмэн худаг ус гаргаж буй инженерүүдэд баярласан сэтгэлээ илэрхийлж айргаа ганзагалаад, хонио дүүрээд давхиад ирэх. Ус уух хувьтай хүмүүний заяаг түшиж худаг ус гаргана гэдэг дүнчүүр маань уншсантай адил буян хэмээн усны инженер маань мэргэжлээрээ бахархдаг.

Хамгийн гүн нь Хэнтий аймгийн Баянмөнх суманд Сувьрайн хоолойн худгийг 300 метр ухаж байсан бол Төв аймгийн Хустайн нурууны ард Молцог элсэнд 130 метр, Дорноговийн Зүүнбаянгаас Тавантолгой хүртэлх төмөр замын анхны худгийг 150 метр ухаж байжээ. Инженерүүд ухсан худгийнхаа усыг хэдэн өдрөөр шавхаж ажиглалт хийнэ. Татраагүй нэгэн хэмээр урсаад л байвал сая л амсхийж сэтгэл тайвширна. Залуучууд сүүлийн үед усаа сайн шавхаж шалгахгүй дутуу дулимаг ажил хийж мөнөөх худаг нь хэдхэн сар болоод ширгэчихдэг талаар тэр шүүмжилж байв. Г.Цэндсүрэн 1983 онд Улаанбаатарт төвхнөж Усны аж ахуйн яаманд үйлдвэр техникийн хэлтсийн мэргэжилтэн, Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн нарийн бичгийн албыг хашиж эхэлжээ.

Тэр хугацаанд яамны сайд Б.Барсын илтгэл, хэлэх үгийг бэлдэж байснаараа бахдаж байв. Яам татан буугдаж Усны аж ахуйн удирдах газар болж үйлдвэр техникийн хэлтсийн дарга, хангамжийн инженерээр 1985-1995 он хүртэл ажиллаж салбарын тэргүүн, Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ. Дасаж ээнэгшсэн газар нь хувьчлагдсанаар 2000 оноос “Буянт-ус” компанид зөвлөх инженерээр тасралтгүй ажиллаж залуу хойч үедээ сургаж зааварчилж явна. Усны инеженер хийх хугацаанд дан худаг өрөмдөөд явсангүй, Сэлбэ, Хайлааст, Чингэлтэй болон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн усны үерээс хамгаалах далангуудыг байгуулалцаж явсан түүхтэй. Мөн түүнчлэн  Хэнтий аймгийн Дархан сумын “Цээлийн булаг”,  Цэнхэрмандал сумын “Дашгайн ар”, Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян Улаан, нийслэлийн “Сонгины мод үржүүлэг, Улиастай, Шувуун фабрикийн услалтын систем болон Дорнод аймгийн “Голын тал”-ын услалтын системийг барьж байгуулахад техникийн удирдлагаар ханган ажиллажээ.

Түүний бага хүү  Ц.Болдоо нь аавынхаа мэргэжлийг өвлөж инженер гидрогеологич болсон. 53 жил усны салбарт ажиллахдаа олон ч аавын хүүг энэ мэргэжилдээ дурлуулж, дадлагажуулж, ажил амьдралтай болгосныг нь хамт олон нь дуу нэгтэй хэлдэг ажээ. Г.Цэндсүрэн тэднийхээ төлөө санаа чилээж, хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг үнэлээсэй хэмээн дэнсэлж явдгаа ч нуусангүй. Түүн шиг 1300 гүний худаг гаргаж, 18900 пм хайгуулыг өрөмдлөг хийж, 900 шахам устай цэг тогтоож, 1000 шахам худаг засварлан ажиллуулж, 700 мянган га бэлчээр усжуулсан үйлстэн ховор.

 

УСНЫ БААТРУУДЫН УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨР УРСГАСАН ХӨЛСТЭЙГӨӨ “ХАТАХ” УЧИРГҮЙ

 

Г.Цэндсүрэн инженерийн алтан сургаалыг сонсож, зарчимч шаардлагыг ёсчлон биелүүлж болд мэт хатаагдсан инженерүүд олон. Жишээ дурдахад Г.Базар­сад, Ё.Батлий, З.Цэдэв, Г.Цэгмид, Ч.Содномпил, Л.Нэргүй, Д.Энх­тайван, Б.Ганхүү нарыг өрмийн мастер болтол нь бэлтгэж, усны салбарын чадварлаг боловсон хүчинг төрүүлсэн нь түүний ажилдаа чин сэтгэлээсээ хайртайн илрэл. Усны удирдах газар жилдээ 90 худаг шинээр гаргаж, 90 уст цэгийг хайгуулаар тогтоож, 220 худагт засвар хийж тохижуулах нормтой байдаг байсан бол тэд хол илүү давуулан биелүүлдэг байжээ.

Гэр орноо умартаж, халуунд халж, хүйтэнд хөрж явсан инженерүүдийн хөдөлмөрийг зохих ёсоор үнэлсэн нь цөөхөн байдаг аж. Усны салбарт гарын таван хуруунд ч хүрэхгүй Гавьяат, нэгхэн Хөдөлмөрийн баатар байдаг нь харамсалтай. Гэтэл зуу зуун инженерүүд хоёргүй сэтгэлээр энэ мэргэжилдээ хүчин зүтгэсээр ирсэн. Түүний нэг бол өнөөдрийн гол баатар Г.Цэндсүрэн гуай билээ. Гэтэл тэр өөрийгөө гэхээсээ илүү бусдыгаа шагналд тодорхойлоод гүйж яваа нь ямархан мөн чанартайг нь илтгэнэ. Усны салбарт уйгагүй хөдөлмөрлөсөн чимээгүй баатруудыг дурдвал  Л.Нэргүй, Ч.Содномпилийг мартаж болохгүй.

Тэдний хөдөлмөр урсгасан хөлстэйгөө “хатах” учиргүй хэмээн зовниж явдгаа ч тэр нуусангүй. Ямар сайндаа л Усжуулагчдын холбооноос “Хүндэт усжуулагч” тэмдгийг санаачлан тэдэндээ өгч байхав. Усны инжнерүүд баруун хяз­гаараас зүүн хязгаар хүртэл ажиллахдаа ч хоорондоо богино долгионы радио холбоогоор харилцаж мэдээллээ  солилцдог байж. Богино долгионы мастер н.Саанк гэдэг хүний ачаар инже­нерүүд нэг нэгэнтэйгээ нэвтрэлцэн хэл авалцдаг байжээ. Тэр хүний гавьяа шагналыг ч марталгүй дурдаж байлаа. Усны аж ахуйн яамны сайд Б.Барс нь 18 аймагт усны салбараа бэхжүүлж, үйлдвэр аж ахуйг байгуулж, техник удирдлагаар ханган ажиллахад яндашгүй үүрэг оролцоотой ажилласан хүн гэдгийг ч онцолж байв.

Тухайн цаг үедээ тийнхүү өөрийн тод ул мөрөө үлдээсэн мартахын аргагүй эгэл баатруудаа тэрбээр ийнхүү дурсав. Яамны сайд, нарийн бичиг байлаа гээд пээдийгээд суухгүй, адилхан л хөдөө орон нутгаар явж ажилтай танилцах, заавар зөвлөгөө өгөх, шалгаж хянах үүрэгтэй. Амьдралынхаа ид үеийг ажиллаж хөдөлмөрлөж өнгөрүүлсэн он жилээ дурсахдаа Г.Цэндсүрэн гуай суудал дээрээ өндөлзөж, нүд нь гялалзаад ирэх аж. Залуудаа гавшгай хурдан хөдөлгөөнтэй, санаачилгатай, хурдан шуурхай, зарчимч няхуур хүн байсан нь түүний байр бай­дал, үг ярианаас нь тодроод ирэх.

 

УС БОЛ АЛТНААС ҮНЭТЭЙ АШИГТ МАЛТМАЛ

 

Г.Цэндсүрэн инженерийн эмзэглэж явдаг зүйл бол усны аж ахуйн салбар аль нэг яамны хавсарга болж аажим аажмаар замхран алга болж байгаа явдал юм. Зүй нь бол Усны салбар өөрөө салбар бүрд хүрдэг учраас бие даасан яамтай байх ёстой хэмээн онцолж байв. Гэвч түүний үгийг сонсох хүн ховор. Өнөөдрийн усны агентлагийг мэргэжлийн болж чадаагүйн дээр усыг маш хямд үнэлгээгээр ашиглуулж байгаад харамсаж байв. Сүүлийн 30 жил шинжлэх ухааны үндэстэй технологитой усны салбар орхигдож, ямар ч хяналтгүй ажиллаж байгаад харамсаж явдаг гэлээ.

Өнөөгийн хийсэн худаг гурваас таван жилийн дотор татарч байхад социализмын үед хийгдсэн худгууд одоо ч хэвээр ажилласаар. Энэ хугацаанд арчилж тордолгүй хэчнээн ч худаг элс шороонд булагдсан юм бүү мэд. Монголын үйлдвэр аж ахуйн газрууд шагнал урамшууллын системийг нэвтрүүлж төлөвлөгөө нормоо давуулан биелүүлсэн тохиолдолд урамшуулдаг системийг эргэн сэргээхийг тэр­бээр дэмжиж байв. Төрийн байгууллага төлөвлөгөө нормоор шахахгүйн улмаас хий цалин авдаг сандал бөглөсөн цагаан захтнууд нэмэгдэж байгааг ч тэр шүүмжилж байв. Усны барилгын салбар бүхий л салбартай хамаардаг учраас бие даасан яам байгуулах ёстой гэдгийг тэрбээр дахин дахин хэлж байв. Мөн тэрбээр усны барилгын мэргэжилтэн бэлтгэх, усны мэргэжлийн агентлаг байгуулах нь нэн түрүүн хийх ёстой ажил гэлээ.

Түүний санал нийлэхгүй байгаа нэг зүйл бол Туул голын хамгийн бохирдолтой хэсэг болох Төв цэвэрлэх байгууламжийн урсгал дор Шувуун фабрикт 30 том худаг ухаж нийслэлчүүдэд ус нийлүүлнэ гэдэг нь бохирдолтой ус түгээж байгаа  хэрэг гэж байв. Зүй нь бол Туул голын урсгал дээр худаг барих хэрэгтэй гэж зөвлөж байлаа. Гэвч ахмад зөвлөх инженерийн үгийг сонсдог усны доктор ховор байна гэж байлаа. Гүний усыг цөлмөж байгаа өөр нэг зүйл бол уул уурхай бөгөөд уул уурхайн гүний усны ашиглалтын зардлыг өндөр болгох шаардлагатайг хэлж байлаа.

Г.Цэндсүрэн “Гүний ус шавхагдсанаар олон зуун булаг шанд ширгэж, цөлжилт явагдаж байна. Хүн төрөлхтөн өөрийн гараар байгалийг устгаж, шинжлэх ухааны үндэслэлгүй, технологийн стандартгүй, хамгийн гол нь сэтгэлгүй хандаж буй нь хамгийн харамсалтай. Ус бол алтнаас үнэтэй ашигт малтмал юм шүү. Алтыг хүн уух уу, үгүй. Уух усгүй болбол хүн малгүй сүйднэ. Тиймээс уул уурхайд газрын гүний ус өндөр үнэлгээтэй байх ёстой. Эцэст нь хэлэхэд худаг гаргах, усны систем, уул уурхайн усны ашиглалт, ус дамжуулах хоолой, усжуулалтын систем бүгд цогцоороо усны барилгын ажил. Усны барилгын ажил эрхэлсэн байгууллага нь мэргэжлийн бус байгаагаас усны хомсдол гэж ярих боллоо. Угтаа бол ойрын 100 жилдээ ус хомсдох болоогүй. Тиймээс усны барилгаас та уйдахгүй бол ус танаас уйдахгүй, өгөөжээ өгсөөр л байх болно” гэсэн юм даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншъя(202.21.124.3) 2022 оны 04 сарын 25

Худаг гаргах, усны систем, уул уурхайн усны ашиглалт, ус дамжуулах хоолой, усжуулалтын систем бүгд цогцоороо усны барилгын ажил юм.

0  |  0
Oogii(202.9.46.235) 2022 оны 04 сарын 19

Usnio barilga gej yuu ve.

0  |  0
Top